Япон улсад зохион байгуулагдаж буй эрэгтэйчүүдийн волейболын 14 дэх удаагийн дэлхийн цомын тэмцээнд Бразил улсын шигшээ баг гурав дахь удаагаа түрүүлэх болзлоо хангалаа.
Хэдийгээр гуравдугаар тойргийн тоглолтууд дуусахад багуудад нэг, нэг тоглолт дутуу байгаа ч Бразилын шигшээ баг өчигдөр Японы багийг 3:1 харьцаагаар буулган авснаар энэ удаагийн дэлхийн цомд нэг ч хожигдолгүйгээр 10 хожил авч бусад багуудын үлдсэн тоглолтуудаас үл хамааран хожих болзлоо хангалаа.
Харин Японы шигшээ баг одоогийн байдлаар долоон хожил, гурван хожигдолтой болсон тул дэлхийн цомын дөрөвдүгээр байранд орох нь тодорхой боллоо. Волейболын спортоор Ази тивдээ тэргүүлэгч (Ази тивийн есөн удаагийн аварга) Япон улсын шигшээ баг дэлхийн цомд 1977 онд мөнгөн медаль хүртсэнээсээ хойш дахин медаль хүртэж чадаагүй байна.
Япон болон Бразилын шигшээ багуудын тоглолтын тойм бичлэгийг хүлээн авч үзнэ үү.
Өнөөдөр хоёр болон гуравдугаар байранд орох эрхийн төлөө АНУ болон Польшийн шигшээ багууд ээлжит тоглолтуудаа хийнэ.