Энэ өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байгаа билээ.
Өчигдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд явагдсан ба манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар барилдлаа. Манай бөхчүүд урьдчилсан тойргийн барилдаануудад сайн барилдсан ч бүгд 1/4 шигшээд ялагдал хүлээсэн юм. Эрэгтэйчүүдийн 57кг жинд МУГТ Э.Бэхбаяр, 65кг ОУХМ Т.Тулга, эмэгтэйчүүдийн 68кг жинд хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг нарын ялсан бөхчүүд шигшээд шалгарснаар өнөөдөр дагаж барилдахаар боллоо. Манай бөхчүүдийн өчигдрийн хэсгийн барилдаануудыг нөхөж үзэхийг хүсвэл энд дарна уу.
Мөн өчигдөр эмэгтэйчүүдийн 59кг жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээн, Сассари, Александр Медведь, “Монголиа Опен” ОУТ-ий аварга, Монгол Улсын таван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Шоовдор хоёр жил дараалан дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртэв. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 17, эмэгтэйчүүдээс долоо дахь тамирчин (С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, Т.Мөнхтуяа, Д.Отгонцэцэг) болж байна.
Манай сайт чөлөөт бөхийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна медаль хүртсэн тамирчдынхаа бүх барилдааны бичлэгийг толилуулдаг уламжлалынхаа дагуу дэлхийн аваргын хошой хүрэл медальт Б.Шоовдорын бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн толилуулж байна.
- Б.Шоовдор 1/8 шигшээд Румыний Катерина Жидачевскаг 4:0-ээр ялсан.
- Шөвгийн наймд Германы Сандра Парусжевскиг 6:2-оор ялсан.
- Харин хагас шигшээд “Будапешт-2016” ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн хошой аварга Канадын Линда Мораист 1:3-аар ялагдсан.
- Xүрэл медалийн төлөөх барилдаанд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ЕАШТ-ий алт, өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга Украины Анжелина Лысакыг цэвэр ялж хүрэл медалийн болзол хангалаа.