Манай сайт өнгөрөгч долоо хоногт болж өнгөрсөн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өдөр өдрийн шилдэг цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг толилуулдаг уламжлалынхаа дагуу дөрөв дэх өдрийн цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг толилуулж байна. (Эхний өдрийн цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг энд дарж, хоёр дахь өдрийн цэвэр ялалтуудыг энд дарж, гурав дахь өдрийн цэвэр ялалтуудыг энд дарж тус тус үзнэ үү)
ДАШТ-ний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн -63кг, эрэгтэйчүүдийн -81кг жингийн барилдаанууд явагдсан юм. Эрэгтэйчүүдийн -81кг жинд дэлхийн чансааг тэргүүлэгч Израилийн алдарт жүдоч Муки Саги энэ мөчөөс эхлэн дэлхийн аварга хэмээн цоллуулах эрхтэй боллоо. Харин уг жинд дэлхийн чансааны 2-т эрэмбэлэглэж буй Иран улсыг төлөөлөн ДАШТ-д ганцаараа зодоглосон дэлхийн аваргын алт, хүрэл медальт М.Сайед хагас шигшээд Белгийн М.Кассед улс төрийн дарамтад орж санаатайгаар ялагдсан хэмээн жүдо бөхийн ертөнц шуугиж байна. /энэ талаар манай сайт дэлгэрэнгүй нийтлэх болно/
Харин эмэгтэйчүүдийн -63кг жинд дэлхийн чансааг тэргүүлэгч олимпын мөнгөн медальт Францын А.Кларисс дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болж жингийнхээ шилдэг бөх гэдгээ дахин баталлаа. Уг жинд дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж Японы Таширо Мику хоёр жил дараалан мөнгөн медаль хүртэж байна. Хоёр бөхийн хувьд түрүү жилийн ДАШТ-нд мөн л аваргын титмийн төлөө тунан үлдэж байсан юм. Энэ жинд манай улсаас хүч үзсэн Б.Ганхайч тун сайн барилдаж шагналт байранд орсон ба түүний бүх барилдааны бичлэгийг энд дарж үзнэ үү.