Сүүлийн үед олимпын төрөлт таеквондогийн спортоор монгол хүүхэд залуучууд ихээр хичээллэх болсон төдийгүй манай тамирчид олон улсын тавцанд эх орныхоо нэрийг цуурайтуулсаар байна.
90-ээд оны дунд үед зодоонтой кинон дээрх Ван Дамм, Жеки Чан, Брус Ли-гээр тулааны спортыг төлөөлүүлэн ойлгож "гудамжны зодоон" мэтээр төсөөлж байсан бол одоо бие хамгаалах урлаг бус спорт, бүр цаашлаад олимпын их наадмын үндсэн төрөл болтлоо хурдацтай хөгжсөн спортын нэгэн төрөл бол Таеквондогийн спорт юм. Монгол хүүхэд, залуучууд таеквондогийн спортоор тив, дэлхийд амжилт гаргах бүрэн боломжтой гэдгийг Рио-2016 оны олимпын их наадамд манай тамирчин П.Тэмүүжин урамтай сайхан тулалдаж монгол түмэндээ батлан харуулж байлаа.
"Монголын таеквондогийн холбоо"-ноос 2019 оныг "Монгол тулаанчид дэлхийн дэвжээнээ" зорилт тавин ажиллаж буй бөгөөд өнгөрөгч долоо болон наймдугаар сард Монголын таеквондогийн нас, насны тамирчид олон улсын тэмцээнүүдээс 46 алт, 35 мөнгө, 56 хүрэл буюу нийт 137 медаль хүртээд байна. Тодруулбал:
- БНСУ-д зохион байгуулагдсан ОУ-ын цуврал таван тэмцээн: БНСУ-д зохион байгуулагддаг "Korea Open", "Kim Un Young Cup" зэрэг нэр хүнд, чансаа өндөртэй олон улсын цуврал таван тэмцээнд Арслан, Олимп, Алдар спорт хороо, Нүүдэлчин, Торнадо Кик, Тулга, Налайх дүүргийн Соёмбо, Ривер, Нэгэн бүл зэрэг найман клубын 60 гаруй өсвөрийн тамирчид оролцож нийт 34 алт, 28 мөнгө, 43 хүрэл медаль хүртсэн.
- ОЮУТНЫ УНИВЕРСИАД ИХ НААДАМ: Итали улс Наполи хотноо зохион байгуулагдсан Оюутны универсиад наадамд Монгол улсын баг тамирчид хоёр медаль хүртсэний нэг нь Монголын таеквондогийн үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ М.Түмэнбаяр мөнгөн медаль хүртлээ. Түүний тоглолтын бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.
- БНСУ-ЫН ТӨВИЙН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН: Монголын таеквондогийн өсвөрийн шигшээ баг, БНСУ-ын Пүнсен таеквондо дунд сургуулийн сурагч ОУХМ Т.Энхжин алтан медаль хүртлээ.
- ПАРА ТАЕКВОНДОГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН: Пара таеквондогийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Х.Энхтуяа -49кг жинд алтан медаль, ОУХМ Г.Болор-Эрдэнэ -61кг жинд хүрэл медаль тус тус хүртлээ.
- ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН: Өсвөр насны ангилалд Монголын таеквондогийн өсвөрийн шигшээ баг, БНСУ-ын Пүнсен таеквондо дунд сургуулийн сурагч ОУХМ Т.Энхжин -49кг жинд хүрэл медаль хүртлээ. Түүний тулааны бичлэгийг энд дарж үзнэ үү. Залуучуудын ангилалд Монголын таеквондогийн өсвөрийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Эхо -45кг жинд хүрэл медаль хүртсэн юм. Түүний тулааны бичлэгийг энд дарж үзнэ үү.
- El HHASSAN CUP ЦОМЫН ТЭМЦЭЭН: Иорданы хун тайжийн нэрэмжит El Hassan Cup цомын тэмцээнд Дорноговь аймгийн тулаанч Э.Алтантуяа хүрэл медаль хүртсэн.
- АЗИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН: Вьетнам улсын Хо Ши Мин хотноо зохион байгуулагдсан Таеквондогийн Ази тивийн нээлттэй тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ М.Түмэнбаяр мөнгөн медаль, залуучуудын ангилалд Э.Эхо алтан медаль, Д.Нямаа хүрэл медаль, өсвөрийн ангилалд Н.Амин-Учрал алтан медаль тус тус хүртлээ.
- ХӨХ ХОТ ОПЕН ОУ-ЫН ТЭМЦЭЭН: БНХАУ-ын Хөх хотод таеквондогийн аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээнд "Арслан", "Номт наран", "Монтэ Роза", "Эхлэл", Зүүнхараагийн “Хараагийн хөх чоно”, “Хүч спорт хороо” зэрэг зургаан клубын 25 тамирчин оролцож ганцаарчилсан төрөлд тулаанаар есөн алт, таван мөнгө, найман хүрэл медаль хүртлээ.
Монголын таеквондогийн тамирчдын зөвхөн өнгөрсөн хоёр сарын хугацаанд олон улсын тавцанд үзүүлсэн амжилтыг тоймловол дээрх бахдам амжилтууд гарчээ. Монголын нийт таеквондогийн тамирчиддаа өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
Мундаг таеквондочиддоо амжилт хүсье
Монголын нийт таеквондогийн тамирчиддаа өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.