Өнгөрсөн жилийн борооны үеэр монголчуудын тавьсан зам, барьсан барилгын чанарт дүн тавьсан. Тухайлбал, Туул гол дагуу баригдсан 40 гаруй барилга усанд автаж, тэр дундаа UB TOWN хотхоны 56 В байрыг усны ундарга дээр барьсан тул 24 цаг тасралтгүй ус ундарч гарсан билээ.
Тэгвэл энэ долоо хоногийг дуустал нийслэл хотод түр зуурын бороотой хэмээн цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Өнгөрсөн өдрүүдэд орсон хүчтэй борооны улмаас Зайсан орчмын орон сууцнууд усанд автсан эсэхийг сурвалжлахаар бид өнгөрсөн жил хамгийн ихээр хохирол амссан байруудаар очлоо. Хэд хэдэн орон сууцны гарааш руу борооны ус орон тогтсон байлаа. Зарим оршин суугчдын хэлж буйгаар “Энэ жил харин ч бага ус орж ирсэн. Өнгөрсөн жил бол хүн явахын аргагүй байсан” гэх хариултыг өгсөн юм.
Тэгвэл энэ сарын 17-нд Нийслэлийн Онцгой байдлын комиссын хуралдааны үеэр УСУГ-ын дарга Ц.Төрхүү “Хоёр өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас барилга байшингуудын зоорийн давхарт хөрсний ус маш их хэмжээгээр нэвчсэн. Ялангуяа Энхтайвны гүүрнээс урагш байрнуудын доороос хөрсний ус ихээр гарч эхэлсэн. Байгууллагууд насосоор соруулсан усаа бохирын худаг руу хийж байна. Энэ нь төв цэвэрлэх байгууламжид ирж буй усны хэмжээг эрс нэмэгдүүлж байна. Энэ тал дээр мэргэжлийн байгууллагууд нь арга хэмжээ авах хэрэгтэй. Цаашид ийм байдлаараа байвал цэвэрлэх байгууламж дээр хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай” хэмээсэн.
УСУГ-ын даргын хэлснээр Туул голын эрэг дагуух орон сууцны зоорийн давхарт хөрсний ус нэвчсэн эсэхийг өнгөрсөн жил Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 54д байрны гараашны хаалганы гаднах хөрснөөс их хэмжээний ус ундарсан “Жи-108” СӨХ-ийн даргатай утсаар холбогдон энэ жил хөрсний ус ундарсан эсэхийг лавлав.
Манай байрны оршин суугчид уг орон сууцыг барьсан компанийг хөрсний устай гэдгээ сайн судлаагүй хэмээн шүүхэд хандаж, хохирлоо барагдуулан цаашид хөрсний ус гаргахгүй байх арга хэмжээг авахуулах болно
Тэрбээр “Түрүү жил манай орон сууцны гараашны хаалганы орчмын гурван газраас зогсоо зайгүй 24 цагаар ус ундарсан. Үүнээс болж зоорийн давхар тэр чигтээ усанд автсан бөгөөд насосоор соруулаад дийлээгүй гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ жилийн хувьд ойрын өдрүүдэд орсон борооны усыг соруулан гаргасан. Одоогоор хөрсний ус ундарч гарсан зүйл алга байна. Гэхдээ жил бүр намрын эхэн сард хөрсний ус ундардаг. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас хөрсний усанд автсан барилга, байгууламжийг судалгааг авсан. Энэ хүрээнд нийслэлийн Онцгой байдлаас хурал зохион байгуулсан ч шинэ тоног төхөөрөмж сурталчилснаас өөр зүйл төр засгаас хийгээгүй. Манай байрны оршин суугчид уг орон сууцыг барьсан компанийг хөрсний устай гэдгээ сайн судлаагүй хэмээн шүүхэд хандаж, хохирлоо барагдуулан цаашид хөрсний ус гаргахгүй байх арга хэмжээг авахуулах болно” гэсэн юм.
Энэ долоо хоногийг дуустал нийслэл хотод түр зуурын бороотой хэмээн цаг агаарын байгууллагаас мэдээлсэн. Борооны ус нь хөрсөнд шингэн хөрсний ус нэмэгдсэнээр усны ундарга ундардаг. Тэгвэл өнгөрсөн жил хөрсний усанд 41 барилга автсан бөгөөд энэ жилийн үргэлжилсэн борооны улмаас дахин усанд автах эрсдэл үүсээд байна.