Түвдийн бурхан шашны тэргүүн Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам Данзанжамц ВВС агентлагт өгсөн шинэ ярилцлагыг нийтэлж байна. Далай лам энэ удаагийн ярилцлагадаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг ёс суртахууны доголдолтой хэмээн шүүмжилж Их Британи улс Европын холбооноос гарах асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн энэ жил 83 насыг зооглож яваа Далай лам Түвдэд эргэж очно гэсэн итгэл найдвараа тээсээр байгаа гэдгээ хэлж, хэрэв түүний залгамжлагч эмэгтэй хүн байвал ихэд сэтгэл татам сайхан байх болно гэжээ.
Далай лам:
1. Дональд Трамп
Тэр их түвэгтэй, ээдрээтэй хүн. Өнөөдөр нэгийг, маргааш өөрийг ярьдаг. Миний бодлоор ёс суртахууны ямар нэг зарчим байхгүй. Тэр Ерөнхийлөгч болоод Америк бол нэгдүгээрт гэж хэлсэн нь маш буруу гэж боддог. Америкчууд дэлхийн өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй.
2. Брексит
Би бол Европын холбооны амин сүнсийг гайхан бишрэгчдийн нэг. Хэдийгээр хөндлөнгийн хүн боловч Их Британи энэ холбоонд үлдэх нь илүү дээр санагддаг. Европын холбоо цагаач, дүрвэгчдийг хүлээж авч боловсрол олгох сургах замаар тэдний оюун ухаанд эх нутагтаа буцаж харих бодол суулгах хэрэгтэй. Европ исламын, африкийн орон болох боломжгүй учраас цагаачдын тоог хязгаартай байлгах нь зүйтэй. Европ европчуудын төлөө оршин тогтнодог.
3. Түвд
Түвдийн ард түмэн надад их итгэл үзүүлдэг. Тэд маш их хүсэл тэмүүлэлтэй. Настангууд нүдэндээ нулимс цийлэгнүүлэн надаас буцаад ирээч гэж гуйдаг. Би итгэл найдвараа алдаагүй.
4. Хятад
Хятадын эрдэмтэд, албанаасаа буусан болоод одоо ч Засгийн газартай холбоотой ажилладаг албан тушаалтнуудтай хувийн ба бусад замаар харилцаа холбоотой байдаг. Одоогоор Си Зиньпин дарга надтай уулзах хүсэлт тавиагүй. Гэхдээ Хятад өөрчлөгдөж байна.
5. Хойд дүр
Миний залгамжлагч эмэгтэй байх боломжтой. Хэрэв эмэгтэй Далай ламтай болбол илүү анхаарал татсан сайхан байх болно.
Эх сурвалж: www.bbc.com