СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улсын наадамд Ч.Мөнхцэцэг, Ш.Даваахүү нар хамгийн олон түрүүлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

М.Дуламсүрэн

Улсын баяр наадам эхлэхэд 14 хоног, харин баяр наадмын үндэсний сур харваа эхлэхэд арав хоног үлдээд байна. Тэгвэл сурыг ууган спортын нэг гэдэгтэй эрдэмтэд санал нэгддэг. Чулуун зэвсгийн үеэс л хүн төрөлхтөн хавчаахай нумыг ан ав хийхдээ хэрэглэж эхэлсэн учраас тэр. Яс, чулуун зэвтэй сум бүхий хавчаахай нум Монголын анхны төр улсын үед хэлбэрээ өөрчилж, Хүннүгийн авьяаслаг гар урчуудын ур ухаан шингэсэн модон голч, эвэр элэг, шөрмөсөн аралтай болсон гэдэг. Энэ нь өнөө цагт хэрэглэж буй нумын үндсэн хэлбэр юм. Зөвхөн ан ав, цэрэг дайны зориулалтаар ашигладаг байсан нум сумыг удалгүй баяр наадмын үеэр хэрэглэх болсон талаар баримт бичгүүдэд байдаг.

Тэгэхлээр үндэсний сурыг багаар бодоход 2000 жилийн настай гэж үздэг. Харин сур харвааны тэмцээний хамгийн эртний хэлбэр нь аль болох хол зайд байг цэцэн мэргэн оноход чиглэсэн зэв нүүлгэх тэмцээн байжээ. Зэв нүүлгэх хэмээн нэрлэсний учир нь болцуут сум арай хожуу үүссэн учраас эрт үед зэвт сум ихэвчлэн хэрэглэдэг байсантай холбоотой аж. Энэ тэмцээнийг оролцогчдын тоог харгалзахгүйгээр явуулдаг бөгөөд хэн сумыг хамгийн хол харвасныг харгалзан ялагч тодордог байжээ. Онон голын орчим Нэрчүү гэдэг газраас олдсон Чингисийн чулууны бичигт Буха Сочихай гэдэг газар Хамаг Монгол Улсын ард олон хуран цэнгэх үед Чингисийн ач хүү Есүнхэ гурван зуун гучин таван алд газар сум харвасан тухай өгүүлсэн нь зэв нүүлгэх тэмцээний хамгийн хол зайг харвасан амжилтыг тэмдэглэсэн баримт юм.

Өнгөрсөн зууны шувтарга үед Монголын дорнод нутгийн харваачид өөрсдийн явуулдаг нэгэн зүйл тэмцээнээ зэв нүүлгэх гэж нэрлэдэг байжээ. Манжийн дарлалын үед сур харваа нь бүдгэрч байгаад Богд хаант засгийн үед ихэд сэргэсэн гэж үздэг. Тухайн үед харвааг далд, шувтарга гэсэн хоёр үед хуваадаг байж. Далд үед харьж яваа ахмад харваачид, шувтарга үед удахгүй цахиур хагалах залуу харваачид цэц мэргэнээ сорьдог байсан гэдэг. Эртнээс уламжлалтай сур харваа нь олон зууны туршид зөвхөн эрчүүдийн тэнхээ чадал, цэц мэргэний наадам байсаар ирсэн заншилтай. Харин 1950­иад оны сүүлчээс эхлэн бүсгүйчүүд сурын харваанд уянгалаг хоолойгоороо түрлэг нэмж, хурц хараа, онч мэргэн харваагаараа улсын баяр наадамд алдар нэрээ дуурсгаж эхэлсэн түүхтэй.

1958 оноос хойш 51 дэх жилдээ бүсгүйчүүд маань улсын баяр наадамдаа цэц мэргэнээ сорих гэж буй нь өнөө жил юм. 1958 онд Д.Оюунханд түрүүлж Монгол Улсын анхны эмэгтэй мэргэн болсон түүхтэй. Харин 50 жилийн хугацаанд ардын хувьсгалаас хойшхи үндэсний сурын харваанд хамгийн олон түрүүлсэн хүн эмэгтэй харваачид дундаас тодорсон. Тодруулбал, дархан мэргэн Ч.Мөнхцэцэг улсын баяр наадамдаа зургаан удаа түрүүлсэн байдаг. Түүний араас даяар дуурсах мэргэн Х.Даваажаргал бичигдэж байгаа аж.

билээ. Энэ нь зөвхөн халх сурын харваа буюу үндэсний сурын харваанд орох харваачдад тогтоосон тоо аж. Харин урианхай, буриад сурын төрөлд хэдэн ч харваач оролцож болох гэнэ. Үндэсний сурын тэмцээн зохион байгуулдаг талбай жижиг, 600­-700 харваач оролцоход цаг их алддаг, наадам сунжирдаг, зохион байгуулахад ч хүндрэлтэй байдаг. Тиймээс улсын наадамд 540 харваач оролцуулахаар шийдвэрлэсэн аж. Мөн энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон харваачдаас улсын баяр наадамд оролцуулна гэсэн шийдвэр гаргасан юм. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс улсын баяр наадам оролцох харваачдыг эрэмбэлэн шалгаруулсан байна. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 770 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос 350 эрэгтэй, 150 эмэгтэй харваачийг сонгон улсын наадамд оролцуулахаар болжээ. Мөн залуучуудын улсын аваргаас оноо өндөр харваачдыг шигшиж улсын наадамд оролцуулах гэнэ. Ингээд сүүлийн арван жилийн наадамд халх сур буюу үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачдын нэрийг хүргэе.

Эрэгтэй

  • 2009 он ­ Улсын мэргэн Б.Баярсайхан
  • 2010 он ­ Даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр
  • 2011 он ­ Улсын даян мэргэн Б.Ёндон
  • 2012 он ­ Дархан мэргэн Ц.Хүдэрчулуун
  • 2013 он ­ Даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр
  • 2014 он ­ Даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр
  • 2015 он ­ Улсын мэргэн Б.Батбаатар
  • 2016 он ­ Улсын мэргэн Д.Дэмбэрэлсайхан
  • 2017 он ­ Улсын даян мэргэн Б.Ёндон
  • 2018 он ­ Улсын мэргэн Б.Дашзэвэг

Эмэгтэй

  • 2009 он ­ Улсын мэргэн Г.Батзаяа
  • 2010 он ­ Даян мэргэн Д.Эрдэнэтуяа
  • 2011 он ­ Дархан мэргэн Х.Оюунчимэг
  • 2012 он ­ Дархан мэргэн Х.Оюунчимэг
  • 2013 он ­ Дархан мэргэн Х.Оюунчимэг
  • 2014 он ­ Дархан мэргэн Х.Оюунчимэг
  • 2015 он ­ Даян мэргэн С.Энхтунгалаг
  • 2016 он ­ Улсын мэргэн Б.Пунсалдулам
  • 2017 он ­ Улсын мэргэн Б.Баярчимэг
  • 2018 он ­ Даян мэргэн Д.Норжмаа

Улсын баяр наадамд түрүүлсэн харваачдын “хамгийн, хамгийн”-г сонирхуулъя.

Хамгийн олон түрүүлсэн эрэгтэй харваач: Дархан мэргэн Ш.Даваахүү таван удаа

Хамгийн олон түрүүлсэн харваач: Дархан мэргэн Ч.Мөнхцэцэг зургаан удаа улсын наадам

Хамгийн залуудаа түрүүлсэн эрэгтэй харваач: Улсын мэргэн Д.Баттулга 18 настай

Хамгийн анхны эмэгтэй улсын мэргэн: Д.Оюунханд 1958 онд улсын наадамд түрүүлсэн улсын наадамд

Хамгийн олон шөвгөрсөн харваач: Дархан мэргэн Ч.Мөнхцэцэг 16 удаа

УЛСЫН МЭРГЭНИЙ ОХИН ДАРХАН МЭРГЭН Ч.МӨНХЦЭЦЭГ

Ардын хувьсгал ялснаас хойш өдгөө 98 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд үндэсний сурын харваанд нэг хүн хамгийн олон түрүүлсэн нь зургаан удаа байдаг юм.

Залуу харваач Ч.Мөнхцэцэг 1978 онд улсын баяр наадмаар хоёрдугаар байр эзэлсэн нь ийнхүү үндэсний сурын оргилд хүрэхийн эхлэл байсан гэдэг. 1982 онд улсын баяр наадмаар Дорнод аймгийн Баян­Уул сумын харваач Б.Цэдэнбазартай оноо тэнцэн товхоо авч, улсын наадамд анх удаа түрүүлж мэргэн цол хүртсэн байдаг. Түүнээс хойш 1985 онд хошой мэргэн, 1993 онд гоц мэргэн, 1994 онд гарамгай мэргэн, 1997 онд даяар дуурсах мэргэн, 1999 онд дархан мэргэн цол хүртэж дээд амжилт тогтоожээ. Мөн тэрбээр 1978, 1992, 1995, 1996 онд улсын баяр наадмын сур харваанд хоёрдугаар байрт, 1980, 1986, 1988, 2000 онд гуравдугаар байрт орсон байдаг аж. Ийнхүү дархан мэргэн Ч.Мөнхцэцэг төрийнхөө наадмын алтан шар зурхайд 16 жил шигшээ харваанд зогссон түүхтэй. Сонирхуулахад, дархан мэргэн Ч.Мөнхцэцэг хавар, зун, намартаа сурын талбайдаа цэц мэргэнээ уралдуулж, өвөл нь мөсөн талбайд тэшүүрээр гулгахдаа улсын найман удаагийн аваргаар тодорсон тэшүүрчин аж. 1998 онд Ч.Мөнхцэцэг гавьяат тамирчин цол хүртсэн нь үндэсний сурын харваачдаас анхдагч болсон юм. Одоо тэрбээр АНУ­д ажиллаж амьдарч байна.

НЭГ Ч СУМ АЛДАЛГҮЙ УЛСЫН НААДАМД ТҮРҮҮЛСЭН ДАРХАН МЭРГЭН Ш.ДАВААХҮҮ

Дархан мэргэн Ш.Даваахүү анх 1988 онд аавыгаа дагаж тэмцээн үзэхээр яваад сум тавьж үзсэн гэдэг. Түүнээс хойш аавынхаа нум сумаар ганц нэг харвах болжээ. Хойтон жил нь буюу 1989 оны хавраас сурын спортод эргэлт буцалтгүй орсон аж. Сурын спортоор хичээллэж эхэлснээс хойш нэг жил гаруйн дараа буюу 1990 оны улсын баяр наадмаар анх удаагаа түрүүлсэн гэдэг. Мөн онд болсон Монголын нууц товчооны 750 жилийн ойн их даншиг наадамд түрүүлжээ. Түүнээс хойш 1993, 1995, 1999 онд улсын баяр наадамд түрүүлсэн билээ. 1993 онд наадамд түрүүлэхдээ 36 сумнаас 35 оносон байдаг. Энэ нь тухай үедээ улсын наадмын эрэгтэй харвааны дээд амжилт болж байсан. Харин 1995 оны улсын баяр наадамд түрүүлэхдээ 40 сумнаас 40 оносноор нэг ч сум алдалгүй улсын баяр наадамд түрүүлсэн анхны тохиолдол болсон гэдэг. Түүний энэ амжилтыг давтсан хүн одоогоор гараагүй байна. Сонирхуулахад, 1990 оны наадмаар түүний хүү өсвөрийн харваанд 20 сумнаас 20 онож мөн адил нэг ч сум алдалгүй түрүүлсэн байдаг нь аав, хүү хоёр 60 сумнаас 60 онож түүхэн амжилт тогтоож байжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.