СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2019-06-27

Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Д.ЦЭРЭННАДМИД

Эхлэл

Манай сонин “Хүмүүн судар” булангийнхаа зочноор энэ удаа Түүхийн ухааны доктор (Ph.D) Халтарын Мөнхбаярыг урьсан юм. Энэ хүн тун саяхан “Монгол Улсын үндэсний их баяр наадмын түүхийн судалгаа (1911-2018 он)” гэсэн сэдвээр түүхийн ухааны докторын зэргийг хамгаалсан залуу яг өнөөдрийн тухайд Монголдоо отгон эрдэмтэн нь болж байна.

Түүнтэй нэгэнт ярилцсаны дараа энэ нөхөр ер нь хэн юм бэ? гэдэг талаар хэдэн үг хэлхэх ёстой байх л даа. Юуны өмнө зүүнээс гарсан дээл шиг шинэхэн доктор болсонд нь баяр хүргэе.

Х.Мөнхбаяр залуу хүн боловч өөрийгөө мэдэрч, өөрийгөө билүүдэж, сэтгэлгээгээ хурцалж явдаг нэгэн бололтой. Түвэггүй сурч даддаг эрдэм гэж хаа байхав дээ. Даангүй судлаач хүн гэдэг байнга л алдсан юмаа эрсэн юм шиг байх тийм л нэгэн юм.

Тэрбээр олсон баримтаа тэр л байгаагаар нь хүлээж авдаггүй мөрөөр нь эргэцүүлж бодох авъяасын эрэлчин аж. Х.Мөнхбаяр тун эрт эрдэмтдийн эгнээнд хөл тавив. Үүнийгээ улсын баяр наадмын ач буян гэх юм. Тэрнийг наадмын түүхтэй учруулсан нь бас учиртай л биз. Түмэн олны цэнгэл баяр гэдэг буяны даллагатай байж таарна даа. Тэр чанар нь Х.Мөнхбаярт өгөөжөө хайрлажээ. Нүүдэл тасраагүй хэдэн мянганыг дамжихдаа Монголчууд наадмаа хийсээр, баясан цэнгэсээр ирсэн болохоор Үндэсний их баяр наадам Монголын нэг брэнд болсон гэж хэлэх.

Энэ бол түүхч хэлж сэтгүүлч миний бахархалтайгаар тэмдэглэсэн мөрүүд. Бидний ярианд наадмын тухай бяцхан халил байх шиг санагдсан. Тэр тухай өгүүлбэл ижил бус тэнгэртэй, өөр өөр соёлтой улс орны хүмүүс Монгол наадмыг үзээд хөх тэнгэрийн монголчуудын түүхийн дархлаа ямар аугаа юм бэ? гэж атаархдаг байж магадгүй.

Наадмын гол ач холбогдол гэвэл түүх соёлоо мөнхөд хадгалж байгаагаа харуулдаг төдийгүй Монгол гүрний ялан дийлж ирсэн дайчин эрэмгий чанарын илэрхийлэл байдаг гэж хэлж болох.

Наадам гэдэг монгол түмэн харилцан ойлголцох, итгэлцэх, эв нэгдлийн билэгдэл ч гэж хэлэхэд онох биз.

Жалгын нэг тарж амьдарч ирсэн Монголчууд хэзээ нэгдэж уулзаж байсан бэ? гэвэл наадмаар л.

Мэдээлэл солилцоно, танилцана эвлэлдэнэ. Энэ бол амьдрал үргэлжлэх нэг оньс гэж болно байхаа.

Доктор Х.Мөнхбаяр ярихдаа 2009 оны хавар “Наадмыг яагаад ардын хувьсгалын баяр наадам гэж нэрлэсэн юм бэ?” гэсэн асуултыг өөртөө тавьсан нь судалгааны ажлын нь сэдэл болжээ.

ТҮҮХИЙН ҮНЭНИЙГ СУДАЛГААГААР БАЯЖУУЛДАГ

Улсын баяр наадам 1950 он.

Улсын баяр наадам 2011 он.

-Өөртэй чинь хийж буй ярилцлагын маань гол зорилго таны судалгааны тухай жаахан даацтай хүүрнэх явдал, тэгэхлээр эхлээд өөрийгөө товчхон танилцуулна уу гэж хүсэх байна.

-Би чинь Монголын түүхнээ олонтаа давтан тэмдэглэж ирсэн Заг-Байдрагийн “Хүрэн бэлчир” гэдэг газар Загийн голын хөвөөнд төрсөн, Заг, Байдрагийн голуудын уснаас ундаалж, биеэ ариулж өндийсөн хүн л дээ. Сургуульд ортлоо буурай аав, адуучин Г.Лхасүрэн, буурай ээж, Аймгийн аварга саальчин Б.Лхагвасүрэн нарын гар дээр адуу малын дэргэд торнисон. Харин сурч боловсрох үед Дархан хотод байсан аав Р.Халтар, ээж Л.Уранцэцэг нар дээрээ ирж, тус хотын нэгдүгээр арван жилийн сургуулийн ангийн багш, одоо Сэлэнгэ аймгийн Ерөө сумд багшилж байгаа Р.Туяа, Төрөлжсөн сургалттай 16 дугаар дунд сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш Уранчимэг нарын ач буянаар эзэмших мэргэжил, замнах замаа олсон гэж боддог. Ингээд 10 дугаар ангиа дүүргээд конкурст орж Монгол Улсын Их Сургуулийн түүхийн ангид элссэн.

-Тэгээд л түүхч болжээ дээ.

-Өмнө би чинь Дархандаа барилгын I ТМС-ийн суурин дээр байгуулагдсан 16 дугаар сургуулийнхаа 7-10 дугаар ангидаа ерөнхий боловсролын хичээлийн зэрэгцээ Найсүрэн багшийнхаа удирдлагаар IV зэрэгтэй сантехникч болж, мэргэжилтэй боловсон хүчин болсон хүн л дээ. Харин мэргэжлээрээ цаашид ажиллаагүй.

-За тэгээд оюутан боллоо…?

-Түүхч болохоор “хадаг барьсан” багш гэвэл, академич Ж.Болдбаатар, доктор З.Лонжид нар юм. Тийм мундаг хүмүүсийн шавь болсноороо бахархаж, итгэлийг нь дааж ажиллахыг хичээдэг.

-Их сургуулиа төгсгөөд хаана ажилласан билээ?

-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс гэж байсан. Уг комиссын дэргэдэх Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Судалгааны төвөөс судлаач болох гараагаа эхлүүлсэн. Энд 10 гаруй жил ажиллахдаа судалгааны ажилдаа бие, сэтгэлээ дайчилдаг хөдөлмөрч чанартай, аливаад хөндлөнгийн байр сууринаас эрх тэгш, шударга ханддаг шударга үзэл хандлагатай хүн болж төлөвшсөн дөө. Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн түүхийг судална гэдэг амаргүй ажил. Бидний судалгаа улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг олон түмэнд зөв ойлгуулах, ийм эмгэнэлт түүхийг дахин давтахгүй байх баталгаа бүрдүүлэхэд чиглэдэг байсан. Энд нэг зүйлийг хэлэхэд, 1991 оноос хойш Цагаатгалын Улсын комиссын ноён нуруу болж байсан түүхч, доктор (Рh.D) М.Ринчин энэ судалгааны төвийг тэргүүлэн ажиллаж байсан нь намайг судлаач болон төлөвшихөд хамгийн ихээр нөлөөлсөн. Энэ цаг мөчид бурхны оронд морилсон М.Ринчин захирлынхаа гэгээн үйлсийг дурсахгүй байхын аргагүй. Харамсалтай нь түүний үгүй болсны хойно бүтээж байгуулсан судалгааны төвийг нь Монголын төр өөрийн гараар устгасан эмгэнэлтэй хэрэг тохиолдсон.

-За энэ бол бидний ярианы гол сэдэв биш учир орхиё. Одоо түүхч, судлаач Х.Мөнхбаярын судалгааны ажлын тухай асуудалд ормоор байна.

-Миний хувьд 20 шахам жил түүхийн судалгааны ажилд хүчин зүтгэж ирлээ. Эхлээд хэлмэгдэгсдийн талаар судалсан бол дараа нь орон нутгийн түүх судлахад нэг хэсэг цаг заваа зарцуулсан даа.

-Орон нутгийн түүхийн судалгаа гэдгийг юу гэж ойлгох ёстой вэ?

-Түүх судлаачид болон хүмүүст хэрэг болох талыг нь бодож Өмнөговь аймгийн баруун хагас нутгийн түүхийг судалсан юм. Үүнийхээ үр дүнгээр 2012 онд “Говийн Ёст засгийн хошуу ба Улиастайн сайд Чүлтэм бэйл” гэдэг нэгэн сэдэвт бүтээл бичсэн л дээ. Энэ хүний өөрийнх нь болоод удмын түүх хийгээд түүхэн эгзэгтэй үед баримталж байсан бодлого, үйл ажиллагааных нь тухай баримтуудыг судалж, ном бүтээсэн. Тухайн үед Яруугийн голд Даваажаргал, Отгон гэж зартайхан хоёр сайхан бүсгүй байж л дээ.

Даваажаргал гэдэг нь Дамбийжаатай суусан юм гэдэг. Энэ тухай Монгол киноноос бид үзсэн.

Тэгвэл Отгон нь Чүлтэм бэйлийн нэг эхнэр байсан юм билээ. Нэг эхнэр гээд байгаагийн учир нь ноён хүн хэдэн ч эхнэртэй байж болдог л цаг үе тийм байлаа. Өөрийн хошуу нутагтаа Жүгдэр гэдэг албан ёсны хатантай байж л дээ.

-Чүлтэм бэйл гэдэг хүн Монголын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэж байсан бэ?

-Монголын автономитын үед Улиастайд сайд байсан хүн. Улс төрийн сод бодлоготон, тууштай эх оронч хүн байжээ. Энэ чанар нь 1919 онд Сюй-Шү-Жан тэргүүтэй Хятадууд Монголд орж ирэн төр түйвээгээд бүх эрх мэдлийг авах оролдлого хийх үеэр маш тод илэрсэн. Хятадууд цэргийн сүрээр Монголын төв Засгийн газрыг татан буулгаж, төрийн тамга хийгээд цэрэг армийн нь зэвсгийг хураан, Богд хааныг шоронд хорьчихоод байсан тийм хүнд Монгол төрийн гал голомтыг таслалгүй үргэлжлүүлсэн ганц хүн бол Чүлтэм бэйл байлаа. Хэдийгээр Нийслэл Хүрээ хятадын эрхшээлд орж, халхын зүүн хоёр аймаг: Түшээт хан, Сэцэн ханыхан гамин цэргийн хөлд сүйдэж байсан тэр хүнд үед Чүлтэм бэйл Улиастайн сайдын эрх хэмжээнд харьяалагдах халхын баруун хоёр аймаг: Засагт хан, Сайн ноён хан аймгуудад хятадын нөлөө оруулаагүйгээр барахгүй өөрөө Богд хаанаас олгосон Монгол төрийн сайдын тамга, хууль цаазыг энэ бүс нутагт хэвээр хэрэгжүүлэн засаглаж байсан түүхэн гавьяатай улс төрч байжээ. Одоогийн Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн хүн хаа холын Улиастайд очиж, Монгол төрийг хамгаалан тэмцэх түүхэн зохиолтой байж дээ. Сүүлд барон Унгернийхэн орж ирээд баруун монголд нөлөөгөө тогтоох гэхэд саад болж байсан хүн нь мөн л энэ бэйл. Тиймээс дайснууддаа хорлогдсон юм. Харин түүнийг яргалан хороохыг хэн захиалав гэдэг нь маргаантай байдаг юм билээ.

-За тиймээ. Чүлтэм бэйл гэдэг хүнийг хороож байгаа дүр зураг “Ичээнд нь” гэдэг кинонд гардаг. Тэгэхээр Дамбийжаагийнхан хороосон болж таарч байна уу?

-Урьд нь янз бүрээр бичигдэж үлдсэн түүхийн нэг л баримтыг чухалчлан киног хийсэн биз. Миний үзсэн баримтад бол цагаан оросууд л түүний амь насанд халдсан юм билээ шүү дээ.

-Та Чүлтэм бэйл гэж яриад байна. Тэгвэл зарим түүх бичигт Чүлтэм бэйс гэж бичсэнг уншсан шиг санагдах юм. Бэйл, бэйс гэсэн хоёр нэрийн ялгаа юу юм бол?

-Манжийн үеийн хэтэрхий дөрвөн хэргэм гэж байдгийн нэгнийх нэр л дээ. Энэ нь гүн, бэйс, бэйл, ван гэж өсдөг хэргэм, үүнээс үзэхэд бэйсийн дээд талын хэргэм нь бэйл юм. Сайн ноён хан аймгийн Ёст засаг Чүлтэм бол Богд хааны зарлигаар ахархан хугацаанд тэргүүн зэрэг тайжаас гүн, бэйс хэргэмийг дараалан хүртэж бэйл болсон хүн. Бэйс нь бага ноён, бэйлийг том ноён гэж монголчилж болно.

МОНГОЛ НААДАМ ХҮННҮГИЙН ҮЕЭС ЭХТЭЙ ГЭДЭГ

Улсын баяр наадам 1933 он.

Улсын баяр наадам 2011 он.

-Бидний уншиж мэдснээр нүүдэлчдийн анхны наадам Хүннүгийн үеэс эхтэй болохыг Хятадын судар бичигт тэмдэглэн үлдээсэн тухай байдаг юм гэсэн. Энэ бол тойм төдий ойлголт байхаа даа?

-Тиймээ. Энэ талаар судлаачид олонтаа бичсэн байдаг. Үнэхээр анхдагч мэдээллийг Хятадын түүхэн сурвалж бичгүүдээс мэдэж болно л доо. Нүүдлийн иргэншлийн анхаарууштай тал нь түүхэн баримтуудыг хадгалж чаддаггүй явдал юм. Гэхдээ, нүүдэлчин монголчууд өв соёлоо, тэр дамаа наадам цэнгээний уламжлалаа авч үлдсэн гайхамшигтай эртний уламжлалтай ард түмэн юм.

Одоогоос 2000-3000 жилийн тэртээ Хүннүчүүд жилд лавтайяа гурван удаа их тахилга хийж, энэ үеэрээ морь, тэмээ уралдуулах зэргээр наадан цэнгэдэг байсныг хятад сурвалжид тэмдэгдэсэн байдаг.

Энэ гурван тайлга нь Цагаан сарын үеэр, дараа нь тавдугаар сар буюу зуны дунд сард, сүүлд нь есдүгээр сар буюу намрын сүүл сард болдог байж. Үүнээс үзэхэд, зуны дунд сар буюу орчин үеийн аргын долдугаар сарын дундуур морио уралдуулж, цагаан сарын дараа тэмээгээ тэшүүлдэг байсан нь тодорхой. Гэхдээ, монгол түмний их баяр наадам монгол нутагт нүүдлийн бэлчээрийн сонгодог мал аж ахуй бий болсон 5000 жилийн тэртээгээс уг сурвалжтай гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, наадам бол нүүдэлчин түмний соёлын их өв уламжлалтай том үйл явдал, түмэн олноороо тэмдэглэдэг баяр цэнгэл юм.

-Зарим түүхчид Монгол наадмыг үүнээс олон жилийн түүхтэй гэсэн байдаг. Энэ тухайд…

-Энэ бол археологийн олдворт тулгуурласан ойлголт бололтой. Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Дэл Хөнжлийн уулнаас олсон барилдаж байгаа бөхийн сүг зураг бол монгол бөхийн үүсэл гарвалд хамаарахаас бус, баяр наадмын түүхэнд холбогдохгүй. Наадам гэж зөвхөн ганц бөх биш, морин уралдаан, харвааг гол болгосон цогц баяр цэнгэл юм шүү дээ.

-Нүүдэлчдийн өв соёлоо хадгалж үлдсэн улс бол Монгол гэдэг түгээмэл ойлголт байдаг. Тиймдээ ч тэрүү “Дэлхийд ганцхан Монгол наадам” гэж бахархан хэлдэг, бичдэг. Өнгөрсөн жил ХААИС-ийн эрдэмтэд хэдэн хүн Монгол наадмын тухай том ном гаргасан. Тэр номын нэр бас “Дэлхийд ганцхан Монгол наадам”.

-Эндээс яагаад ганц юм бэ гэсэн асуулт гарч таарнаа даа. Тэгэхээр товчоор бол Монголд л болдгоороо ганц гэж болох. Зөвхөн уламжлалт наадам гэсэн утгаар хэлж байгаа бол энэ нь үнэнд нийцэхгүй. Яагаад вэ гэвэл, Монгол Улсаас гадна оршин сууж буй монголчууд маань, тодруулбал, Өвөр Монголчууд, Дээд монголчууд, Шинжааны монголчууд, халимагууд, буриадууд, тува нар наадам хийж л байна. Тэгвэл, манай улсын наадмыг юу нь дэлхийд ганц болгоод байгаа юм бэ гэвэл үндэсний уламжлалт баяр цэнгэл наадмаа төрийн тусгаар тогтнолоо тунхагласан, төр улсаа байгуулсан Улсын баяр буюу үндэсний баяртайгаа хамтатган төрт ёсны том ёслол болгон тэмдэглэж, үүгээрээ дамжуулан, улс орноо жил бүр дэлхийд тунхаглан баталгаажуулж байгаагаараа дэлхийд цор ганц болж байна. Тусгаар тогтносон өдрийн их баяраа ингэж ёсолж байгаа орон Монголоос өөр байхгүй.

-Манайхан баяр наадмаа Ардын хувьсгалын наадам гэж нэрлэж заншсан нь ямар учиртай вэ? 

-Үүнийг ярихын тулд манай Үндэсний их баяр наадам бол Улсын баяр болон монгол наадмын нэгдэл юм гэсэн өмнөх яриагаа тодруулж хэлэх ёстой. Монголчууд туурга тусгаар улсаа сэргээн байгуулсан 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр орчин үеийн олон улсын чиг хандлагын дагуу Улсын баяраа ёслон тэмдэглэж, 1921 он хүртэл билгийн тооллыг баримтлан мөнхүү Улсын баяраа тэмдэглэж байсан. Харин 1921 оны зун хувьсгал ялж, Монгол улсаа шинээр эмхлэн байгуулж, Богдыг хэмжээт эрхт хаанд өргөмжлөн, Ардын засгийн газрыг байгуулсан зуны адаг сарын шинийн 6-нд хуучин Улсын баярыг шилжүүлэн тэмдэглэх болсон. Үүнийг 1925 онд аргын тооллыг баримтлан жил бүрийн долдугаар сарын 11-нд ёслож байна. Энэхүү Улсын баярыг Коминтерны талыг баримтлагч хэт хувьсгалч зүүнтний үеэр 1931 онд тохиосон 1921 оны хувьсгалын 10 жилийн ойн үеэр Хувьсгалын баяр болгон өөрчлөөд, мөн 1911 оноос төрт ёсны баяр цэнгэл болон хөгжсөн Улсын наадамтай хамтруулан тэмдэглэж эхэлсэн.

Үүнээс өмнө Улсын наадмыг зурхайчаар тогтоолгосон товыг баримтлан долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхээр хийдэг байсан. Ийнхүү тус тусдаа зохион байгуулагдаж ирсэн Улсын баяр, Улсын наадмыг 1931 оноос долдугаар сарын 11-ний өдрөөс хамтруулан 7-9 өдөр дараалан хийх болсон юм. Ингэхдээ, Улсын баярыг Хувьсгалын баяр болгон өөрчилсөн. Гэхдээ хувьсгалын баярыг “Монголын хувьсгалын баяр”, “Үндэсний хувьсгалын баяр”, “Үндэсний ардчилсан хувьсгалын баяр” гэх зэрэг нэртэй ёслон тэмдэглэж байсан юм.

Харин, улс төрийн их хэлмэгдүүлэлтийн дараа 1940-өөд оноос “Ардын хувьсгалын баяр” гэх нэршил бий болж, энэ нь Хөдөлмөрийн хуулийн 1954 оны нэмэлт өөрчлөлтөөр баталгаажсан байдаг. Социалист тогтолцооны үед ардын дарангуйлах диктатур тогтсонтой холбогдуулан “Ардын хувьсгал” гэсэн нэрийдэл гарсан нь одоо хүртэл баяр наадмын нэршилд хадгалагдсаар байна. Угтаа 1921 оны хувьсгал “Ардын хувьсгал” биш, харин “Үндэсний ардчилсан хувьсгал” болохыг олон улсын судалгаагаар нэгэнт тогтоон, нийтээр хүлээн зөвшөөрсөн зүйл шүү дээ. 2004 онд хэвлэгдсэн “Монгол Улсын түүх” ботиуд ном, их дээд, дунд сургуулийн сурах бичиг, түүхчид, судлаачдын ном бүтээлд Үндэсний ардчилсан хувьсгал гэдэг томьёоллыг баримталдаг. ХХ зууны монголын түүхтэй холбоотой ямар ч номыг сөхөөд үзсэн ингэж л бичсэн байгаа. “Ардын хувьсгал” гэдэг “Пролетарийн хувьсгал” буюу “Үгээгүй ядуусны хувьсгал” гэдгийг монголчилсон хэлбэр юм.

Гэтэл 1921 хувьсгалыг оройлон удирдсан анхны долоон хүн дотор үгээгүй ядуучууд байсан уу. Байгаагүй. Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар нараас эхлээд тухайн үеийн дэвшилтэт сэхээтнүүд байсан шүү дээ. Богд ч олон талын мэдлэг боловсролтой нэгэн байсан. 1921 оны хувьсгалыг Богд хаанаас эхлэн монголчууд нийтээр талархан дэмжсэн, оролцсон гэдэг утгаараа “Үндэсний”, мөн хувьсгалын үр дүнд хамжлагат ёсыг халж, нийгмийн эрх тэгш харилцааг тогтоосон учир “Ардчилсан” шинжтэй байсан юм. Энэ талаасаа Үндэсний Ардчилсан хувьсгал болоод байгаа юм л даа. Тэгэхлээр 1921 оны хувьсгалыг “Ардын Хувьсгал” гэж үзэхгүй, харин “Үндэсний Ардчилсан Хувьсгал” хэмээн ухаарах учиртайг 1990 оноос хойш түүхийг шинээр бодитой эргэн харах эрэлт шаардлагын дүнд хийсэн судалгаа, түүхчид, судлаачид, багш нар маань, тэдний хэдэн мянган ном бүтээлд хэлж байгаа.

-Тэгтэл бид үндэсний баяр наадмаа юу гэж ойлгох ёстой юм бэ?

-Манай монголчуудад баяр наадмын талаар өөр өөрийн ойлголт бий. Монгол хүн өөрөө наадмын оролцогч учир түүхийг бүтээгч нь, бас ажиллаж, шинжлэгч нь болохоор судлаач болдог өвөрмөц талтай. Тийм учраас бид бүгдээрээ л наадмаа мэддэг, ойлгодог гэж өөрсдийгөө тодорхойлдог. Гэхдээ, наадмын түүхийг, утга учрыг нь асуухаар нэгдсэн цэгцтэй ойлголт байдаггүй юм. Өөрөөр хэлбэл, тодорхой юм харин ч эсрэгээрээ тодорхойгүй байдаг гэсэн үгийн утга санааг наадмын тухай ойлголтын жишээ харуулж байна. Тэгэхээр, баяр наадмыг зөвөөр ойлгоё гэвэл түүнийг шинжлэх ухааны үндэстэй судлах шаардлагатай болж байна даа, тийм үү.

Жишээлбэл, Өндөр гэгээн Занабазарыг 5-6 настай байхад 1636/1640 онд хутагтад өргөмжлөх ёслолын үеэр анхны Долоон хошуу даншиг наадмыг хийж байсан гээд л энд тэндгүй бичсэн байдаг. Гэтэл, үнэн хэрэгтээ яг тийм баримт байхгүй байна. Харин Галдан туслагч 1841 онд “Эрдэнийн эрих”, Магсар хурц 1934 онд “Долоон хошуу наадам” түүхэн зохиолдоо 1688 онд Галдан бошготоос зугтан урагшаа дүрвэсэн Өндөр гэгээн Занабазар халх нутагтаа буцаж ирэхэд анх Долоон хошуу наадам хийсэн гэж санал нэгтэй тэмдэглэсэн нь бий. Харин он цагийн тухайд зөрүүтэй мэдээлсэн байдаг.

Үүнийг бусад түүхэн сурвалжаар тодруулан нягтлахад 1700 он болж таарч байгаа.. 1820-иод онд бид бүгдийн ойлгодог хэлбэр дүрсээ олсон Долоон хошуу даншиг наадамд одоогийн наадам суурилсан гэж хэлж болно.

-Бидний уншсан түүхийн бичигт 1924 онд Богд хаан таалал төгссөнөөр Долоон хошуу даншиг наадам хийхээ больсон гэж уншсан л даа.

-Энэ бол гажуудсан хуучин ойлголт. Долоон хошуу даншиг наадам сүүлчийнх нь 1912 онд болсон.

-За тийм бол 1912 оноос 1922 он хүртэл ямар нэртэй наадам болж байсан бэ?

-Долоон хошуу даншиг наадмыг залгаад хуучин Богд хаан хайрхан, Хэнтий ханы тэнгэр тайлгын наадам (Арван засгийн наадам) монголын төрт ёсны баяр цэнгэл болсон. Харин 1924 оны сүүлчээр анхдугаар Үндсэн хууль батлагдсантай холбогдуулан 1925 оноос эхлээд Уулсын тэнгэр тайлгын наадмыг 1922 оноос эхэлсэн Цэргийн наадамтай нийлүүлэн хавсаргаснаар Улсын наадам бий болсон юм.

-Би энд нэг зүйл уншиж мэдснээ хэлье. 1946 онд Х.Чойбалсан Монгол улсын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлыг тэмдэглэн тэр жилийн наадмыг өндөр хэмжээнд зохион байгуулахад анхаарсан гэсэн баримт байдаг юм.

-Урьд нь ч 1931, 1934, 1936 оны наадмууд өргөн дэлгэр болсон баримт бий л дээ. 1952 онд Ю.Цэдэнбал даргын үе эхэлж байхад, МАХН-ын Төв Хорооны улс төрийн товчооны нэг тогтоол гарсан. Уг тогтоолд улс, аймаг, сум, багийн наадмыг нэгдсэн дүрэм журамгүй олон хоногоор наадаж байгаа нь социализм байгуулах зорилтод саадтай байна. Иймээс, тусгайлан наадам хийдгийг түдгэлзэж, зөвхөн долдугаар сарын 11, 12-нд улс даяар нэгдсэн журмаар Ардын хувьсгалын баярыг ёслон тэмдэглэж, энэ хүрээндээ наадаж байхаар заажээ. Энэ нь 1954 онд Хөдөлмөрийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр баталгаажснаар баяр наадмаа хоёрхон өдөрт нэгэн зэргээр хийдэг ёс журам хэвшин тогтсон юм. 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш улсын баяр наадамд үндэсний гэх тал нь улам сэргэж Монгол наадмын шинж чанар нь улам төгөлдөржсөн. Монголын уламжлалт соёлын үнэт зүйлүүд биелэлээ олж эхэлсэн. Жилээс жилд Монгол гэдэг утга агуулга нь улам тодорч байна.

Улаанбаатар хотын дарга Ж.Наранцацралтын ахалсан Баяр наадмын төв комиссын 1997 оны шийдвэрээр 1954 оноос албан ёсоор нэргүй болсон төрт ёсны их баяр наадмаа албан ёсоор “Үндэсний их баяр” хэмээн нэрлэхээр тогтсон юм. Энэ нэрийг 1999 онд Хөдөлмөрийн хууль, 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хуулиар баталгаажуулсан. Түүнээс гадна зөвхөн 1921 оны хувьсгалын баяр төдийгүй, Их Монгол улс байгуулагдсан, Тулгар төр тогтсоны ойн баяруудыг хамтатган ёсолж, төрт ёсны түүхээ дурсан санаж, үүгээрээ ард түмнээ нэгтгэн ижилсүүлж, олон улсад тусгаар тогтнолоо тунхаглан баталгаажуулахыг хичээж байна.

-Уг нь яахав. Наадмын агуулга нь гол биз дээ?

Ард түмний уламжлалт өв соёлоо хадгалж ирснийг харуулдаг болохоор Үндэсний баяр наадам гэсэн нь агуулгаараа зөв юм.

Монголчууд наадмаараа Монгол Улс гэж байдаг юм гэдгийг дэлхийд маш онцлогтой, хүчтэйгээр зарлаж байна. Сурталчилж байна.

Бас Үндэсний энэ баяр наадмын нэг гол ач холбогдол нь эв нэгдлийг баталгаажуулдаг явдал болно.

-Монгол наадам бол монгол хүнд сэтгэлийн их омогшлыг төрүүлдэг төрт ёс, уламжлалаа хойч үедээ өвлүүлэхийг эрхэмлэсэн их баяр юм даа. Наадам бүхнээс л ийм санаа, агуулга харагддаг.

-За тийм л дээ. Монгол наадам өмнөх түүхээ бататган сануулж, ирээдүйд итгэх итгэлийг бий болгодог, нөгөө талаар Монгол улс ийм их өв соёлтой юм гэдгийг харуулдаг баяр цэнгэл юм.

-Наадмын нэрнээс Ардын хувьсгал гэдэг үгийг хасах тухай түүхчид санаа гаргасан үе бий дээ.

-Бодит байдал хэрэглээ хоёр тохирохгүй байгаа тухай дээр хэлсэн л дээ. Түүхчид энэ талаар санал дэвшүүлсэн. 2014 оны билүү энэ тухай УИХ-ын танхимд хэлэлцэж, эрх баригч хоёр нам зөрчилдөж байсан удаатай. Ер нь түүх түүхээрээ л байх ёстой. Сайн нь саар нь ч манай түүх, бидний түүх шүү дээ. ОХУ-ыг хар л даа. Цагаантныг, улаантныг, язгууртны засаглалыг бодитоор харуулсан киноны аль алиныг нь хийж, түүгээр дамжуулан үндэсний ижилсэл бахархлыг бүтээж чадаж байна. Бид хэнээс ч дутахгүй баялаг, омог төгөлдөр түүхтэй атлаа нам намаараа хувьсгалыг өмчилж, түүхийг хар цагаанд хуваахын зэрэгцээ нутгархах үзлийг хөөрөгдөн ард түмнээ хагаралдуулах л ажил, уран бүтээл хийцгээх боллоо. Ард түмэн эвгүй бол улс мөхнө, төрд нөлөөтэй байсан тэр нөхөр улсаа сөнөсөн хойно хэн ч биш, бусдын босгоны боол, ул долоогч л болно шүү дээ.

ТӨРТ ЁСНЫ БАЯР НААДМЫН НЭР НЬ БИШ АГУУЛГА НЬ ЧУХАЛ

-Өөрөө яриандаа монголчууд наадмаараа эвлэлдэн нэгддэг. Энэ бол төрт ёсны баярын гол шинж гэж хэлнэ лээ. Гэтэл сүүлийн үед шүүмжлэлтэй хандмаар юм их л байх шигээ?

-Наадам бол нийт ард түмний цэнгэл. Гэхдээ энэ цэнгэлийг төр тодорхой бодлогоор зохион байгуулдаг. Бас хуультай. Наадмын төсөв зардлыг төр гаргаж байна. Манлайлагчдад бай шагналыг олгож байна. Бөхчүүд, уяачдад цол, чимэг олгож байна. Энэ нь төрт ёсоо дээдэлж байгаагийн илрэл юм. Гэхдээ сүүлийн үед наадмын зохион байгуулалтад бодлого дутагдаж байгаагаас наадамчдын эв нэгдэл гэж юм алдагдсан. Жалга довын үзэл их сэргэсэн. Харахгүй юу? Бөх, уяачид нь эв зүйгээ олохыг байсан. Аль аль нь хоёр холбоонд хуваагдаад хэрүүл хийгээд, талцаад байна. Наадмын бодлого буруугаас төр үүнийг зохицуулж чадахгүй байна шүү дээ. Зарим талаараа лоозогносон шинж чанараас хэтрэхгүй байна.

-Наадмыг утга агуулга талаас нь, үр өгөөжийг нь төрийн зүгээс тун дутмаг мэдэрч байна гэж өрөө хэлэх гээд байнаа даа?

-Яг тийм. Төр өөрөө болохгүй байгаагийн сүүдэр л наадамд тусчихаад байна. Харин социализмын үед их зөв харж байсан шиг бодол төрөх ч үе байх юм. Улсын баяр наадмын тухай хуультай гэдэг ч нэгдмэл бодлого, зөв зохион байгуулалт алга. Наадамд шал дэмий улс төржилт байж огт тохирохгүй.

-Наадамд гажуудал гарч байсан цаг үе бий. Тухайлбал үндсэрхэг үзлийн эсрэг гэдэг юм дэвэрч бөхийг гэхэд монгол гуталтай барилдуулахыг болиулж үзсэн, дээл өмссөн хүн хуучинсаг харагдах зэрэг болон 1969 онд билүү дээ, хоёр Мөнхийг ч хэт удаан барилдлаа гэж хасаад дөрөвт үлдсэн Г.Дэмүүл түрүүлж арслан болж байв даа.

-Тэдгээр нь наадмын түүхэнд гарч байсан хар толбо л доо. Бөх гэснээс нэг санаа хэлэхэд наадмыг зөвхөн хоёр өдөрт багтаан хийнэ гэдэг нь бөхийн хувьд маш хортой юм. Уламжлалыг алдагдуулах явдал эндээс эхэлж байна.

Монгол бөхийн үндсэн уламжлалт нэг чанар бол орон зай, цаг хугацаанд баригдалгүй уран мэхийг уралдуулдагт оршдог. даа. Тэгэхээр миний бодлоор бол наадмыг далимдуулж нэгэнт өчнөөн хоног л амарч байгаа юм чинь наадмыг зөвхөн хоёр өдөрт шахаж багтаах биш дор хаяад таван өдөр наадахад яадаг юм бэ? Мөн барилдаанд цаг хугацаа тооцдог үхлийн гэж нэрлэгддэг “хаялцах барьц” сонгох зэрэг нь бөхийн уугуул чанарыг алдагдуулж байна. “Хаялцах барьц” гэж бий болсноор бөхчүүд жин нэмж бүдүүрсэн. Энэ нь алсдаа өөрсдийнх нь эрүүл мэндэд муу, дэлхийн хэмжээний бөхийн төрлөөр хичээллэх боломжгүйдүүлж байгаа.Ер нь Монгол бөх хөгжөөд байна л гээд байгаа. Гэтэл бөхчүүдийн барилдааны ур чадвар нь огт хөгжихгүй байна. Бөхөд мэх гэж чухал юм бий. Ш.Ванчинхүү арслан Монгол бөхийн онцлог бол том бие хаатайдаа, их жинтэйдээ биш, харин гайхамшиг нь уран мэхэндээ оршдог гэж бичсэн байдгийг хангасан уран сайхан мэхтэй бөх өнөө цагт их цөөрч дээ. Допингоос болж бөхөд хагарал гарч байна. Энэ бүхнээс болоод наадмын нэр хүнд унаж үзэгчдээсээ холдож байгаа нь үнэн.

Морь гэхэд үндэсний гэдэг агуулгаасаа бүр хазайсан. Улсын баяр наадамд зөвхөн хөрөнгө мөнгөтэй баячуудын өвөл, зунгүй хүчит тэжээлээр тэжээгдсэн элдэв тариагаар хүчлүүлсэн морьд л уралддаг болсон. Жирийн нэг малчин сүргийнхээ захаас барьсан нэг үрээг сойж уралдуулах боломж байхгүй. Ингэхлээр морин уралдаан маань үндэсний гэх шинжээ бүрэн алдчихаад байгаа юм. Яг үнэн гэвэл бөх ч морь ч цолны төлөө л барилддаг, уралддаг болов. Энэ мэтээр ухаалаг төр гэж байдаг бол монголоо боддог удирдагчид байдаг юм бол засч залруулмаар юм их байна шүү дээ. Төр завхрахаар наадам хүртэл болохоо байдаг юм байна. Тэр элдэв найраа, жалга довны үзэл их болсон будилианууд чинь монгол түмний эв нэгдэл цаашлаад улс орны эрх ашиг, аюулгүй байдалд маш их хор нөлөөтэй байна. Харамсалтай юм. Оюунлаг хүмүүсийнхээ үгийг сонсдоггүй төр, XX зууны нийгэмдээ харшилтай өнөөгийн улс төрчдийн балгаар үндэсний баяр наадмаа үнэгүйдүүлж хэрхэвч болохгүй ээ. Судлаач хүний хувьд үүнийг л хэлэх байна.

ТӨГСГӨЛ БУЮУ ЗҮҮСГЭЛ ҮГ

Үндэсний баяр наадмын үзэл санаа Монголчуудын тархи зүрхнээ бүрэн шингэж чадсныг өгүүлэхийн зэрэгцээ энэ цагийн түүхийн өртөөч нэгэн эрхэмтэй хийсэн бяцхан хөөрөлдөөнөө уншигчиддаа өргөн барья. Болгоон үзэж нэгийг тунгаах биз гэдэгт найдаж байна.

Эцэст нь Германы сонгодог философийн эцэг Гегелийн хэлсэн “Дэлхийн түүх Монголоос эхэлдэг юм. Яагаад гэвэл Хүннү хийгээд Их Монгол улсад төрт ёс үүссэн юм” гэснээр тэмдэглэлээ өндөрлөе.

Тэрхүү төрт ёсны аугаа нэг илэрхийлэл нь Монгол наадам болой.

2019.6.27 ПҮРЭВ №130 (6097)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.