СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зэвсэгт дарангуйллыг сөрж их сургуульд элсэж чадсан зоригт охины түүх

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Пакистан улсын Балочистан муж бол зэвсэгт мөргөлдөөн, исламын шашны хэт туйлшрагчдын орогносоор ирсэн газруудын нэг. Энэ мужийн жижиг тосгон Зехри Жамшарт зэвсэгт дарангуйлагчид сургуулийг сахиж охидыг орохыг хориглодог байсан ч энэ бүхний эсрэг амь хайргүй тэмцэж эцэст нь их сургуулийн босго алхаж чадсан Наима Зехри өөрийн түүхээ хуваалцсан юм.

Наима Зехри: Миний хүүхэд нас айдас дунд өнгөрсөн. Тэр тухай бодох бүрт нуруугаар хүйт даадаг. Бид маш ядуу, ах эгч дүүс долуулаа, аав маань биднийг орхиж өөр эмэгтэйтэй гэрлэсэн. Ээж маань боловсролгүй учраас идэж уух зайлшгүй хэрэгцээ бусдын өгөх хандив тусламжаас л хамаардаг байлаа. Боловсрол гэдэг бидний хувьд хүрч чадахгүй тансаг зүйл мэт санагддаг байв.

Наимаг хүүхэд байхад Пакистаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Балочистаны зэвсэгт этгээдүүдийн хүүхэд хулгайлсан, халдлага дайралт үйлдсэн хэргүүдээр дүүрдэг байжээ.

Гэсэн ч охин сурч боловсрох асар их хүсэл эрмэлзэлтэй байсан тул үнэ төлбөргүй улсын мэдлийн бага сургуульд 10 нас хүртлээ сурсан ч удалгүй татан буугджээ. 2009-2013 оны хооронд сургуулийн гадна 6-8 зэвсэгт этгээд тогтмол хянаж орох гарцуудыг хааж охидыг оруулдаггүй байсан гэж Наима ярьжээ.

Сургуульдаа явах бүртээ тэдгээр хүмүүсийн бууны суманд өртчихвий гэсэн айдастай алхдаг байжээ. Тэд охидыг боловсрол эзэмшүүлж болохгүй гэдгийг тосгоны оршин суугчдад тод илэрхийлдэг учир сургуулийн удирдлага, багш ажилтнууд тэднээс айж үгэнд нь орох, авлигад өртөх зэргээр саад бэрхшээл мундсангүй.

 

 

Тиймээс охин бусад хүүхдүүдийн хамт зэргэлдээх тосгоны сургууль руу шилжжээ. Гэсэн ч энэ нь хараахан тус болоогүй бөгөөд Наима бусдад хулгайлуулж, жилийн дотор хоёр ч нагац нь амиа алдсан байна. Охин энэ мэт олон явдлыг өнгөрөөж дунд сургуулиа төгсөж үргэлжлүүлэн сурахгүй гэж шийдсэн ч хүсэл эрмэлзлээ нууж чадсангүй.

Наима Зехри: Манай гэр бүлд намайг сургах боломж байгаагүй. Тосгоны иргэд дарамт үзүүлж байсан. Эмэгтэйчүүдийн олж ирсэн цалин мөнгийг үрдэг, хувьдаа авдаг эрчүүд олон байдаг.

Наима гэрээрээ бие даан сурч, хичээлээ давтсаар ахлах сургуулиа дүүргэжээ. Балочистан мужийн өөр хэсэгт зөвхөн охидын сургууль байдаг гэдгийг сонсож тийшээ явахыг хүсэхэд хэн ч дэмжээгүй боловч нагацуудынх нь нэг тусалж жилийн төлбөрийг нь төлснөөр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, үргэлжлүүлэн сурах зам нь нээгджээ. Одоо тэр сэтгүүлч болохоор Куэттагийн Сардар Бахадур Хан охидын их сургуульд суралцаж өөрийн түүхийг бусадтай хуваалцахыг хүсч байна.

 

 

Эх сурвалж: www.bbc.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.