Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн сан хөмрөгт хадгалагдаж буй Монголын хосгүй үнэт ховор бурхан шүтээн, эд өлгийн зүйлс, бүтээлүүдийг олон түмэнд дэлгэн харуулж байна.
Азийн Буддистуудын XI Ерөнхий чуулган, VIII Богд Жавзандамба хутагтын мэлхий гийсний 150 жилийн ойд зориулан Монголын Бурханы шашин, соёлын өв үзэсгэлэнг гаргасан бөгөөд үзэгч олны хүсэлтээр ирэх долдугаар сарын 2-н хүртэл олны хүртээл болгохоор болжээ. Тус үзэсгэлэн нь үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд гаднын улс орны төлөөлөл болон гадаад айлчлалын хүрээнд Гандантэгчэнлин хийдэд бэлэглэсэн эд өлгийн зүйлсийг олны хүртээл болгосон байв.
Манай улсын хувьд бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг шиг тухайн улс орны соёл, ёс уламжлалтай холбоотой сонирхол татахуйц бэлэг сэлтээс хамгийн эртнийх нь Бурхан багшийн мэндэлсэн 2500 жилийн ойн хүрээнд 1956 онд Энэтхэг улсаас бэлэглэсэн суварга байлаа.
Урьд хожид олны хүртээл болж байгаагүй ховор үзмэрүүдээс дурдвал VIII Богд Жавзандамба хутагтын мэлхий гийсний 150 жилийн ойд зориулан 1639 оноос эдүгээ хүртэл Монголын түүхэнд тодорсон Монголын бурхан шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын есөн дүрийн хөрөг зураг, дээрхийн гэгээтнүүдийн хэрэглэж байсан түүхэн хосгүй үнэт зүйлсийн дээжсийг дэлгэн харуулжээ.
Монголын дүрслэх урлагийн нэр төлөөлөгч, уран зураач Марзан Шарав гуайн бүтээл болох VIII Богдыг өөрийнх нь дүрээр зурсан уран зургаас гадна үзэсгэлэнд тавигдсан есөн хутагтын хөрөг зургууд бүгд эх хувиараа олонд анх удаа нэг дор дэлгэн харуулж буйгаараа онцлог гэдгийг Гандантэгчэнлин хийдийн Бурхан сангийн лам М.Ганхуяг тайлбарлан хэлэв.
I Богд Жавзандамба хутагт 1635-1723
/Өндөр гэгээний зургаадай таяг, 15 насандаа өмсөж байсан гутлыг олонд дэлгэжээ/
II Богд Жавзандамба хутагт 1724-1757
III Богд Жавзандамба хутагт 1758-1773
IV Богд Жавзандамба хутагт 1774-1814
V Богд Жавзандамба хутагт 1815-1842 / V Богд Жавзандамба хутагтын хувьд өнөөгийн Гандантэгчэнлин хийдийг залсан байдаг/
VI Богд Жавзандамба хутагт 1842-1848
VII Богд Жавзандамба хутагт 1850-1868
VIII Богд Жавзандамба хутагт 1869-1924
IX Богд Жавзандамба хутагт 1932-2012
Энэхүү үзэсгэлэнгийн дараагийн гол томоохон үзмэр бол Очирдар шүтээнийг ойроос харж, мөргөж залбирах боломжийг сүсэгтэн олондоо олгожээ. Гүнгэрванд Очирдар бурханыг залдаг тул тэр болгон олны нүдэнд тусаж, ойроос урлагийн хосгүй үнэт бүтээлийг харах боломжгүй байдаг тул уг үзэсгэлэнд зориулан олон нийтэд дэлгэн харуулж буйгаараа онцлог юм. Очирдар бурханы зүрхнээс бид нарын шүтдэг бүх бурхадын таалал гардаг тул бүх бурхадын язгуур нь гэж үздэг байна.
Түүнчлэн 15-16 дугаар зууны үед хамаарагдах лим цутгуураар бүтээсэн бурхад, шашины эд өлгийн зүйлс, ном судар, хутагт, лам нарын хэрэглэж байсан хөөрөг, даалин гэх мэт гайхалтай бүтээлүүдийг нэг дороос харах боломжтой.
Сүншигны хувьд хамгийн нандин болох шавар бурхануудыг залсан байлаа. Шавар бурханы хувьд энгийн харагддаг мөртлөө тарни тоолж, аравнайлсан үрлийг шавартай холиод хийдэг тул сүншигний хувьд нандин байдаг учиртай. Мөн дахин давтагдашгүй бурхан урлаач нарын сүншиглэж урласан уран зургуудыг дэлгэсэн байна. Сүсэгтэн олон та бүхэн энэхүү үзэсгэлэнд ирснээр урлагийн гайхалтай бүтээлийг харж нүдээ баясгахаас гадна сүшиглэж залбиран буян хураах боломжтой.
Энэхүү үзэсгэлэн Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн шинэ цогцолборт долоон хоногийн хугацаанд гарч байгаа. Ирэх есдүгээр сард шинэ цогцолбор ашиглалтад орох үед хоёр ч томоохон үзэсгэлэнгийн танхимтай болно гэдгийг Гандантэгчэнлин хийдийн удирдлагаас мэдээлсэн юм.