Х.Өлзийбаяр
Зургадугаар сарын 22. Германы фашистууд Зөвлөлт холбоот улс руу довтолж Аугаа их Эх орны дайн эхэлсэн өдөр. 1418 хоног үргэлжилсэн энэ аймшигт дайны талаар бид олон арван кино, ном зохиол гэрэл зургаас мэднэ. Энэ аймшигт дайны тухай материал, бичлэг, түүх дурсамжид тэр үеийн зэвсэглэлд байсан “ТТ” гар буу барин нөхдөө давшилтад уриалан дуудаж байгаа, энгэртээ хоёр нүдний дуран зүүсэн дайчны зураг хавсаргасан байх нь нэг биш. “Комбат” буюу батальон дарга хэмээн нэрийдсэн энэ зургийн түүхээс өгүүлэх нь.
Өөдөөс нь исгэрэх суман мөндрийн өмнөөс нөхдөө уриалан босч байгаа энэ дайчин дарга хэн байв, энэ зургийг хэн гэдэг сурвалжлагч, гэрэл зурагчин дарав гэдэг нь олон жилийн турш тодроогүй таамаг байсан гэдэг.
Зөвлөлтийн гэрэл зургийн сурвалжлагч Макс Альпертын авсан энэ зураг Эх орны дайны хамгийн өгүүлэмжтэй, сэтгэл хөдөлгөм гэрэл зургийн нэг.
Гэрэл зурагчин Макс Альперт зургийг яаж авсан тухайгаа ингэж дурссан байдаг. “Хорооны штаб надад, маргааш нь нэгэн өндөрлөгөөс фашистуудыг хөөх давшилтад орох тэргүүн шугамд байгаа нэг батальоныг зааж өгсөн. Батальон даргатай уулзаж өөрийгөө танилцуулаад ганц нэг цэрэгтэй уулзаж, давшилтад яг ороход батальоны даргын дэргэд байя гэж зөвшөөрөл авсан. Ингэж байтал дивизээс тушаал ирж цэргүүд нуувчнаас гаран, батальон дарга ч нуувчнаас үсрэн гарч гартаа буугаа барин эргэж дайчдаа давшилтад уриалан хашхирах мөчид би нуувчнаас “Лейка” аппаратаараа зургийг нь дарсан. Гэрэл зураг дээр батальон даргын сэтгэлийн хөдлөл, хөдөлгөөн яг л буусан” гэж дурсчээ.
Макс Альперт 1971 онд украины хийссэн “Үхэшгүй учрал” баримтат кинонд энэ зургийнхаа тухай, хаана авсан зэргээ “Өмнөд фронтод Ворошиловградын дэргэд энэ үнэт зургаа авсан юм. Фашистуудтай үхэн хатан тулалдаж байлаа. Офицер нуувчнаасаа үсрэн гарч дайчдаа уриалан “Ура” хашхирч байгаа зургийг авсан юм” гэсэн байдаг.
Өөр нэг хувилбараар украины сэтгүүлч Александр Авраменко 1970 онд ингэж бичсэн байдаг. “Энэ зургийг би 1942-1943 оны үед Воршиловградын дэргэд авсан. Харамсалтай нь цэргийн анги, батальон даргын нэрийг тэмдэглэж авсангүй.Уг нь энэ бол улс төрийн удирдагч байсан ч би зургаа “батальон дарга” гэж нэрлэсэн гэсэн байна
Ингэж байтал 1974 онд гэрэл зурагчин Николай Ночовный бас энэ гэрэл зургийг авсан хүн хэмээн дурсамжаа нийтлүүлсэн байна. "Ийм явдал болсон юм. Ширүүн тулаан болж байсан болохоор би офицерын нэрийг бичиж авч амжаагүй юм. Эхлээд хүчтэй бөмбөгдөж, дараа нь их буугаар буудсан. Ингэж байтал миний дэргэдээс офицер босон гар буугаараа даллан, араас нь цэргүүд босч давшилтад орсон. Аппаратны дуран сумны хэлтэрхийд гэмтсэн байсан ч гэсэн би зураг дарж амжсан. Тэгээд зураг минь гараагүй байхдаа гэж бодож байтал хожим нь хальсаа угаагаад үзэхэд маш сайн гарсан байсан гээд офицерыг яагаад батальоны дарга гэсэн бэ гэхээр тун ч удалгүй нэгэн цэргийн “Батальон даргыг алчихлаа” гэх дуу сонсогдсон. Тэгэхээр нь би өнөөх офицерыг л гэж бодсон. Намайг хорооны штаб руу дуудаад түүний нэрийг мэдэж чадаагүй” гэжээ.
Ийнхүү янз бүрийн сэтгүүлч, гэрэл зурагчин энэ гайхамшигт зургийг “Би авсан” гэдэг ч шинэ зүйл бараг байдаггүй, нэг л ижил төрлийн таамаг ярьсаар байдаг болохоор фото сурвалжилгын нэрийг яг тогтоож чадаагүй өнөө хүрч байгаа юм байна.
Офицерыг хэн болохыг тогтоох оролдлого
Өнөөх гэрэл зурагчин Макс Альперт дурсамжаа нийтлүүлсний дараа гэрэл зураг дээрх офицерын төрөл садан гэсэн янз бүрийн хүмүүсийн бичсэн захидалд дарагдсан байна. Зарим ахмад дайчин ч гэрэл зураг дээр би байна гэж бичсэн байна. 1970 оны эхээр “Комсомольская правда” сонины сэтгүүлчид, Украины Луганск мужийн “Залуу гварди” байгууллагынхантай хамтраад гэрэл зураг дээрх дайчныг тогтоох ажил зохион байгуулжээ. Ингээд эрэн сурвалжилж, олон хүнтэй уулзаж ярилцсаар Украины Запорож мужийн Вольнянын районы Терсянка тосгоноос гаралтай Алексей Гордеевич Ерёменко гэж тогтоосон байна. Тэрээр буудлагын дөрөвдүгээр дивизийн буудлагын 220 дугаар хорооны ротын улс төрийн бага удирдагч байсан гэнэ.
Энэ тухайд 220 дугаар хорооны эмнэлгийн салааны цэрэг, хожмоо хошууч болсон Александр Матвеевич Макаров ингэж ярьсныг “Фашистууд давшилт бүрийг няцааж байлаа. Хороо бүр арав, арван нэг дэх давшилтдаа орж байсан юм. Гитлерчүүд Воршиловградад 30-хан км ойртоод байсан үе. Ротын захирагч Петренко шархдаад байсан үед Ерёменко “Миний хойноос. Эх орныхоо төлөө. Урагшаа” хэмээн бүхий л ротыг уриалан давшилтад орсон. Дайснууд давшилтыг няцааж, улс төрийн удирдагч ч нас барсан” гэж “Наука и жизнь” сэтгүүлд 1987 онд бичсэн байна.
285 дугаар дивизийн ахмад дайчин, бэлтгэл дэд хурандаа Василий Севастьянович Березубчак “Ворошиловградын чиглэлд бид хориглож байсан. Генерал Гречкогийн тушаалаар шинэ зааг эзлэн Хорошее тосгоны дэргэд хориглосон. Хүнд тулааны явцад улс төрийн удирдагч Еременко сөрөг давшилтын үеэр нас барсан. Өөр газар, өөр тулааны үеэр энэ зургийг дарсан гэхэд би л лав итгэхгүй байна. Долдугаар сарын 12 байсан юм. Эхний давшилтыг дайсан няцаагаад баруун жигүүрээр түрж орж ирсэн. Цэргүүд ухрах гээд байсан болохоор би цэргүүдийг босгож давшилтад оруулах тушаал өгсөн. Тэгэхэд л Еременко ухарч байгаа цэргүүдийг “Зогс. Зогс” гэж хашхиран сөрөг давшилтад орохыг уриалж байсан. Тэгээд л гардан тулаанд орсон. Фашистууд ч ухарсан, харин Еременког нуувчинд үхчихсэн байхыг олж харсан” гэж дурсжээ.
Сэтгүүлч Макс Алберт ч гэрэл зураг дээр А.Г.Еременко байгаа гэдгийг мэдээд түүний хүү И.А.Еременкод захидал бичиж “Эрхэм хүндэт Иван Алексеевич аа. Миний мэргэжил нэгтнүүдийн хүчин зүтгэлээр энэ гэрэл зураг дээрх батальон дарга бол таны эцэг юм байна гэж олж тогтоолоо” гэж захидал бичжээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын төв архивт болохоор А.Г.Еременког 1942 оны нэгдүгээр сараас сураггүй алга болсон гэсэн мэдээлэл байдаг байжээ. Тэнд бичсэнээр бол тэр тодорхойгүй нөхцөлд сураггүй алга болсон гэж бичсэн байдаг байна.
Харин “Комсомольская правда” сонины эрэн сурвалжилсны үрээр бэлэвсэн эхнэр нь 32 жилийн дараа түүнийг тэр долдугаар сарын 12-нд баатарлагаар амь үрэгдсэн гэсэн лавлагаа гардаж авсан байна.
“Комбат”-ын дурсгалд
1.Украины Луганск мужийн Славяносербийн район. “Улс төрийн ажилтнуудад зориулсан хөшөө цогцолбор.
2.Запорожьегийн цэцэрлэгт босгосон “Комбат” хөшөө
3.Эх орны дайны ялалтын 40 жилийн ойд зориулан гаргасан “Победа” цаг 1985 он
4.“Аугаа их ялалтын 55 жилийн ой”-н дурсгалын зоосон 10 рубль. 2000 он
Луганск-Бахмут хоёрын дундах замын дэргэд яг тэр тулалдаан болж байсан Хорошее тосгоны ойролцоо гэрэл зураг дээр дүрслэгдсэн улс төрийн удирдагчийн дурсгалд зориулан хөшөө босгосон байна. Хөшөөг барималч М.Чумак, уран барилгач Шеховцев, Т.Довженко и В.Тищенко нар бүтээсэн байна.