Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас захидал хүлээж авсан гэдгийг төрийн мэдлийн мэдээллийн агентлагаар дамжуулжээ.
Ингэхдээ Америкийн төрийн тэргүүний хувиасаа илгээсэн захидлыг тун таатайгаар хүлээж авсан гэдгийг илэрхийлж, тавьсан санал нь тун сонирхолтой тул нухацтайгаар бодолцож үзнэ гэжээ. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Трампын эр зоригийг өндрөөр үнэлсэн тухай төрийн мэдлийн агентлагаар дамжуулан мэдэгдсэн байна.
Энэ сарын эхэнд Трамп Умард Солонгосын удирдагчаас ирсэн захидлыг өндрөөр үнэлж байна хэмээн мэдэгдэж байсан юм. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх асуудлаар талууд хоёр ч удаа дээд хэмжээний уулзалт хийсэн боловч Ханойн дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтэж хэлэлцээр зогсонги байдалд орсон. Гэхдээ Трамп, Ун нарын харилцаа ойрын хугацаанд ойртож, халуун дулаан уур амьсгал мэдрэгдэх болсон гэж эх сурвалжууд бичиж байна.
Трамп өнгөрөгч тавдугаар сард Япон улсад айлчлах үеэрээ Умард Солонгосын удирдагчийг тун ухаалаг залуу хэмээн тодорхойлж түүнээс олон сайн зүйл хүлээж байна гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com