Доктор, профессор С.ТөмөрОчир Японы Токио хотноо саяхан болж өнгөрсөн Олон улсын Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэх үедээ Монгол судлалын Үндэсний академийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Ирээдүйтэй олон орны харьцуулсан боловсролын асуудлаар санал солилцон ярилцсан байна. Ж.Бат-Ирээдүй нь АНУ, Англи, Франц, Герман, Япон оронд удаан хугацаагаар багшилж, гэр бүлээрээ амьдарч байсан тул эдгээр орны боловсролын тогтолцоо, агуулгыг сайн мэдэх цөөн монгол эрдэмтний нэг юм.
-Бид хоёрын ярилцлага уншигчдын сонирхлыг татах нь зүйн хэрэг. АНУ, Англи, Франц, Герман, Япон зэрэг орны боловсролын асуудлыг харьцуулан жишихээс ярилцлагаа эхэлье?
-Боловсролын асуудал нэлээд өргөн хүрээтэй яригдана л даа. Зах зээлийн орнуудын боловсролын систем манай Монголд тохирох ёстой. Гэхдээ таны хэлдгээр хэрэгтэйг нь авах гэдэг тал дээр нэлээд бодож харах ёстой байх. Миний хувьд бол голдуу дээд боловсролын байгууллагад ажиллаж байсан болохоор дээд боловсролын тогтолцоо, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг нэлээд ажиглаж байсан. Бага, дунд боловсролын тухайд хүүхдүүдээ сургаж байсан учраас бас мэдэх байх. Манай хоёр хүүхэд Лондонд нэг нь зургаан настай нөгөө нь таван настай очсон юм. Бага сургуульд хүүхдийг сургаж байгаа байдал, сургуулиас эцэг эхтэй хэрхэн ажилладаг, хэрхэн хүмүүжүүлж байгааг Английн бага сургуулийн жишээгээр мэднэ. Сүүлд нь Японд ирээд бага маань найман настай япон хэл мэдэхгүй тул зургаан настай хүүхдүүдтэй хамт бага сургуульд орж байсан. Тиймээс Японы сургууль хэрхэн ажилладаг талаар бас ярьж болох байх.
Миний ажигласнаар олон сая хүн амтай орны хувьд боловсролыг ерөнхийд нь массын болон элитийн боловсрол гэж ангилж байна. Манайд ч бас иймэрхүү болчихлоо. Үнэтэй хувийн сургуулиуд элит тал руугаа, улсын сургуулиуд нь масс тал руугаа чиглэж байх шиг байна. Гэхдээ төлбөр ихтэй сургуулиудын чанар зарим талаараа тааруу байна. Мөнгөтэй зарим айлын хүүхэд хичээлд оролцох, суралцах идэвх султай, төлбөрөө төлсөн юм чинь дүн тавьж өг гэж багш нартаа дарамт үзүүлдэг явдал ч ажиглагдаж байна.
Монголын хувьд сургуулийн өмнөх боловсролоос их дээд сургууль хүртэл залгамж холбоо бараг алга. Бүгдийг нь тус тусад нь салгачихсан, харъяалал нь өөр өөр, хөтөлбөрөө ч тусдаа өөрсдөө хийдэг. Жишээлбэл хот, аймгийн боловсролын газар зөвхөн ерөнхий боловсролоо л хариуцна. Тэдэнд МСҮТ, дээд сургууль ямарч хамаагүй. Тэр байтугай МСҮТ нь боловсролын яаманд биш НХХЯ-д харъяалагддаг. Нэгдсэн бодлого бараг алга. Байвч хэрэгждэггүй, хөтөлбөр нь хоорондоо зөрчилддөг.
Миний ажигласан нэг зүйл бол Боловсролын сайд бүр өөрсдийн бодсоноо дураараа хийдэг. Нэг сайд гарч ирээд өмнөх сайдын хийсэн сайн зүйлийг үргэлжлүүлдэггүй. Нэг сайд гарч ирээд авьяаслаг хүүхэд, дуу хуур, хөгжим, наадам гэж ярьж байгаад дөрвөн жил болж байна. Гэтэл дахиад өөр нэг сайд гарч ирээд Кембридж гээд л ярина. Зарим үед дөрвөн жилд дөрвөн сайд солигдож байна. Дараагийн сайд гарч ирээд багш чухал гэх жишээтэй. Боловсролд тогтвортой бодлого хэрэгтэй. Хүүхэд, багш, эцэг эх гэсэн гурван талыг цогцоор нь зэрэг авч үзэх ёстой. Тэр гурван тал хамтарч ажиллаж байж хүнээр хүн хийдэг. Тэр хүн нь нийгмийн эд эс нь болж нийгмээ авч явдаг юм. Хямрал бол эндээс л үүсэлтэй гэж бодож байна. Өнөөдрийн боловсролын эцсийн үр дүн 10, 20 жилийн дараа гарна.
Сүүлийн жилүүдэд голдуу муу үр дүн гарч байна. Өнөөдрийн УИХ-ын гишүүд, сайд дарга нар зах зээлийн эдийн засагт шилжих үеийн сургуулийн бүтээгдэхүүн. Тэдний худал хуурмаг зүйл хийж, улсын баялаг, төрийн өмчийг идэж, үрэн таран хийж байгаа явдлыг ёс зүйтэй, хүмүүжилтэй нь холбож ярих ёстой. Нийгэм ямар байгаагаас их шалтгаалж байна. 1990-ээд онд зах зээлд шилжих үеэс ардчилал гэдэг бол дур зоргоороо аашилж, чөлөөтэй өөрийн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх гэж ойлгоод боловсрол бараг хэрэггүй хэдэн төгрөгтэй болох явдал чухал гээд ойлгочихсонтой энэ нь холбоотой. Хүүхдийг сургахдаа бүх зүйлд жигд сайн болгоход анхаарах ёстой. Математик чухал, эсвэл гадаад хэл чухал ч гэдэг юм уу ялгавартай хандах нь зөв хүн төлөвшихөд муугаар нөлөөлж байна.
Дээрх орнуудад сургууль багш нар, эцэг эхчүүд, сурагчдын нэг чиглэл зорилготой хамтын ажиллагаанд илүү анхаардаг. Насанд хүрэгчдийн үлгэр дууриалал маш чухал. Эцэг эх, насанд хүрэгсэд бол хүүхдийн хүмүүжлийн толь болдог.
-Манайд эцэг эхчүүд хүүхдүүд тэйгээ бараг ажиллахгүй байна. Хүүхэд нь сайн байвал сургууль багш нарын үүрэг ямар байсныг огт санадаггүй. Хүүхэд нь сурлага тааруу, хүмүүжил муу бол бүх бурууг сургууль, багш нарт тохдог. Гэтэл хүүхэд амьдралынхаа ихэнх цагийг гэр бүлдээ өнгөрөөж байна. Монголын хувьд ажил төрлөөсөө ч болдог байх хүүхдээ өглөө унтаж байхад нь гэрээсээ гараад унтсан хойно нь ирж байна. Хүүхэдтэйгээ, багштай нь холбоотой байдаггүй, эцэг эхийнх нь хуралд ч очдоггүй тал бий?
-Гадаад оронд хүүхдийн хичээллэж байгааг эцэг эхэд нь харуулдаг. Дүнгийнх нь бодит байдлыг хэлж ойлгуулдаг. Манайд хүүхдээ их эрхлүүлж байна. Эцэг эх нь юм чинь хүүхдээ эрхлүүлэлгүй яахав. Гэхдээ зөв эрхлүүлж, зөв үлгэр дууриалал үзүүлэх ёстой. Цонхоор хогоо хаядаг, гэртээ хов ярьдаг, худал хэлдэг, хүнийг муулдаг, буруу юм хийчихээд буруугаа бусдаас хайдаг бол хүүхэд түүнийг л дуурайна. Монголчууд хулгайч хүний хүүхэд хулгайч болдог гэдэг биздээ. Энэ бүхэн бол нийгмийн нөлөө.
-Чи бол монгол хэлний багш, монгол судлалын эрдэмтэн хүн цэцэрлэг болон бага ангид монгол ёс заншилтай, хүмүүжилтэй холбоотой сэдэв бага тусгагддаг болсныг юу гэж бодож байна. Бидний үед үсэг үзэх явцад болон унших бичигт зан заншил, хүмүүжлийн ач холбогдолтой сэдэв олон байдаг байсан санагдах юм?
-Сурах бичиг ялангуяа монгол хэлний сурах бичгээ нэлээд хардаг л даа. Миний түрүүчийн хэлснээр сургуулийн өмнөх боловсролоос эхлээд сурах бичгийн залгамж холбоо муутай. Анги бүрийн сурах бичгийг хийхдээ жишээлбэл 1-3 дугаар ангийн сурагч хичнээн үг мэдэх ёстой вэ. Дам үг нь, хэлц үг нь ямар байх ёстой вэ гэсэн давтамжийн судалгаа хийх ёстой. Үүнийг хийхгүйгээр сурах бичиг бичнэ гэдэг бол маш аюултай зүйл. Ийм судалгаагүйгээс сурах бичгийг зохиож байгаа багийн гишүүд өөртөө гоё санагдсан өгүүлбэрээ оруулчихдаг. Энэ нь 1-12 дугаар ангид хэчнээн мянган үг, зүйр цэцэн үг болон хэлц үг мэдэх ёстой гэдэг стандарт нь алдагдчихдаг. Энэ нь зарим ангидаа хөнгөн зарим ангидаа хүнд болох үндэс болдог. Багууд сурах бичиг хийхдээ хоорондоо харилцаа холбоо муутай байна.
-Миний боддог нэг зүйл бол сурах бичигт ямар мэдлэг багтаж байх ёстой вэ гэдэг чухал асуудал юм. Мэдлэгийг ерөнхийд нь шинжлэх ухааны мэдлэг, ахуйн тухай мэдлэг гэж хоёр хувааж авч үздэг. Гэтэл сурах бичигт энэ хоёр мэдлэгийн хослол болсон мэдлэг буюу сургалтын мэдлэгийг бий болгох ёстой. Яг эрдэмтдийн түвшний шинжлэх ухааны мэдлэг байх юм бол хүндэднэ. Харин дан ахуйн мэдлэг орвол онол дутагдана. Энэ хоёрын хослол бий болгохдоо бага ангид ахуйн, ёс зүйн талын мэдлэг нь давамгайлсан, анги дэвших тутам шинжлэх ухааны мэдлэг нь өссөн байхаар стандарт тогтоох ёстой. Үүн дээр мэдлэгээ чадвар, дадал, хандлага болгох чиглэлийг илүү барих ёстой гэж боддог. Мөн нэг хичээлийн сурах бичгийн зохиогчдийн баг хоорондоо хамтарч ажиллахаас гадна өөр өөр шинжлэх ухааны сурах бичгийн багууд хамтарч ажиллах ёстой. Шинжлэх ухаан үүсч бий болохдоо бүх шинжлэх ухааны мэдлэгийг агуулсан хэлбэртэй байсан. Шинжлэх ухааны мэдлэг гүнзгийрэхийн хирээр олон салбар шинжлэх ухаан болж хөгжсөн. Одоо эргээд нэгдэж ямар нэг үзэгдэл үйл явцыг олон шинжлэх ухааны заагт судлах боллоо. энэ нь зайлшгүй зүй тогтолт үйл явц мөн. тиймээс сурах бичиг зохиогчид надад физик хамаагүй би чинь математикийн хүн гэх юм уу надад түүх хамаагүй би чинь монгол хэлний хүн шүү дээ гэж болохгүй. тэд нэг баг болдоггүй юм гэхэд сурах бичигтээ ямар мэдлэг оруулахаа ярилцах ёстой байгаа юм?
-Сурах бичгийн агуулга бол маш чухал. Боловсролын хүрээлэн яг үүн дээр судалгаагаа төвлөрүүлэх ёстой. Цөм хөтөлбөр гэж хийж байгаа. Тэгэхдээ багаараа цогцоор нь хийх ёстой.
-Сурах бичгийг хүүхдийн нас биений онцлог, ёс заншил, орчинтой нь тохируулж хийх нь чухал юм. Би МУИС-ийн оюутан байхад манай эгчийн нэг хүүхэд нэгдүгээр ангид сурч байв. Би хичээлийг нь давтуулах үүрэгтэй байлаа. Үсэг үзэж байхад “цагаан толгой”-н сурах бичигт зургийн дор зарим үсгийг орхиод уг үгийг олох дасгал байв. Хайнаг үхрийн зургийн дор гурван цэг тавиад “наг” гэсэн үе бичжээ. Хүүхэд үүнийг хараад үхэрнаг гэж уншин бөөн инээд болж байв. Хотын хүүхэд хайнаг, сарлаг гэдгийг яаж ялгах вэ. Сарлагийн зураг хараад юбкатай үхэр гэж байхав дээ. Тиймээс сурах бичигт хайнагны зураг оруулах хэрэггүй байж дээ?
-Сурах бичиг үнэхээр чухал. Сурах бичиг, багш гэсэн хоёр том капитал байна. Таныг захирал байхад сургуулийн 70 жилийн ойгоор би санаачлаад МУИС-ийн хэвлэлийн газрыг байгуулсан. Тэр үед 37 сурах бичиг түүнээс 20 гаруйг нь манай багш нар зохиосон. Сурах бичиг зохиох амархан гэж багш нар ойлгоод яг хийх болохоор хэцүүг нь ойлгосон. Одоо өөрсдийнхөө хийж чадах сурах бичгийг зохиохоос гадна ялангуяа байгалийн шинжлэлийн дэлхийд нэрд гарсан шилдэг үндсэн сурах бичгийг эрхийг нь аваад орчуулж хэвлэж эхэлж байгаа. Саяхан Монголын эртний түүхийн сурах бичгүүдийг хэвлэсэн. Нэлээд сайн, чанартай сурах бичиг болсон гэж мэргэжлийн эрдэмтэд үнэлж байна. Их дээд сургуулийн сурах бичгүүд цөөн хувиар хэвлэгддэг учир үнэ өндөртэй гардаг тал бий. Харин бусад их дээд сургуулиуд нэгэнт гарсан сайн сурах бичгийг ашиглахад анхаарах хэрэгтэй байгаа юм. Монгол хүнд нэг муу чанар байна. Бие биенээ үл тоох, үгүйсгэх явдал газар авчээ.
-Чиний ярьж байгаа зүйл манай боловсролын нэг доголдлыг харуулаад байгаа юм. Бид монголд тохирсон боловсрол гэдгийг маш зөв авч үзэх ёстой юм. Дэлхийн тэргүүлэх боловсролын тогтолцооноос сайн зүйлийг нь бололцооныхоо хэрээр авч монголын үнэт чанарыг эрхэмлэсэн л байх ёстой. Өнөөдөр өөрийн соёл, үнэт зүйлсээр бахархахын зэрэгцээ бусдын соёл, үнэт зүйлсийг хүндэтгэж ханддаг болгон сурган хүмүүжүүлэх ёстой. Манайхны зарим нь хоёр туйлд нь хүргэж байна.Сүүлийн үед Чингис хаан гэж байгаагүй, монгол гэр байхгүй халуун орны, хятадын юм ч гэх шиг, эсвэл монголоос бусад нь бараг хүн биш шахуу юм ярьдаг хүн олширлоо. Тиймээс дэлхий нийтээрээ ярьж буй олон соёлын боловсрол чухал боллоо. Оберлин их сургуулийн багш Тү.Байгаль монголын түүхийг заахдаа монголын түүхийг ойлгохгүйгээр дэлхийн түү хийг ойлгохгүй, монголын түүх байхгүй бол дэлхийн түүх байхгүй. Түүх бол амьд гээд л эхний лекцэндээ ярихаар япон оюутнууд бүр их сонирхож уг хичээлийг судлахаар сонгох оюутны тоо байнга өсч байна. Уг лекцийг сонссон монгол оюутан манай багш нар Тү. Байгаль багш шиг заадаг болоосой гэж надад хэлсэн шүү?
-Бусдыг хүлээн зөвшөөрөх чадвар гэж байна. Энэ чадварыг эзэмшүүлэхэд боловсролын байгууллага болон эцэг эхчүүд анхаарах ёстой. Үүгээрээ япончууд онцгой сайн. Японд монгол бөхчүүд Сумо барилдаад 10 гаруй жил манлайллаа. Манай үндэсний бөхөд гадаадын хүн түрүүлбэл яах бол гэдэг бас л асуудал. Тэр байтугай аймгийн томоохон ойн барилдаанд өөр аймгийн бөхийг барилдуулахгүй байх жишээтэй.
-Манайх чинь нэгдмэл улс, бараг нэг үндэстэн амьдардаг учраас сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр зохиоход бэрхшээл багатай байдаг юм. Олон үндэстний Америк мэтийн оронд бол маш их бэрхшээлтэй. Олон үндэстний соёл, зан заншлыг бүгдийг нь тэгш багтаах, орон нутагт аль үндэстэн олонх байна түүнийг нь харгалзах ёстой болдог. Манайд казах сургуулийн сурах бичигт анхаарах ёстой. Ихэнх сурах бичиг нь Казакстаны сурах бичиг эхээрээ эсвэл хуулбар нь болчихоод байна. Мөн буриад, дөрвөд, торгууд, баяд зэрэг олон ястны амьдардаг нутагт орон нутгийн мэдлийн цагт багтаан тэдний соёл, ёс заншлыг зааж сургах ёстой юм. Гадаад орны боловсролын туршлагыг харж байхад манайд тохирохгүй зүйл байна уу?
-Сурагчдыг үнэлэхдээ тестээр үнэлэх явдал тохиромж муутай. Бидний үед яг сайн мэдэж байж л сайн үнэлгээ авдаг. Тестийг ямарч мэдлэггүйгээр гайгүй бөглөх бололцоотой байна. Тэр байтугай хуучин үнэлгээгээр математикийн бодлогын хариу нь буруу ч аль хүртэл зөв бодолт хийсэн байна. Санамсаргүй алдаа гаргаж уу түүнээс хойш яаж бодсоныг нь нягтлан үзээд өндөр дүн тавих бололцоо бий. Мөн ярьж хариулах нь үг ярианы соёлын хөгжилд ч нөлөөтэй. Иймээс хуучин аргаар дүгнэх нь зөв байна. Их дээд сургуулийн хичээлийг сонгоход бол учир дутагдалтай байна. Хичээлээ биш багшаа, эсвэл хэрэгтэй хичээл гэдгээр биш амар хялбар дүн авахаа бодож сонгоод байна. Оюутны фэйсбүүкийг сонирхоход тэр багш их шаардлага тавьдаг, ном их уншуулдаг хэрэггүй. Тэр багшид ганц шил юм өгөхөд болно гэх мэтийн санал их байдаг болжээ. Мэдлэг дүгнэх тогтолцоонд бол манай сургалтад хэрэглэх ёстой сайн зүйл ч бас байна. Манайд багш хичээлээ өөрөө заагаад, асуултаа өөрөө зохиогоод өөрөө шалгаад дүнгээ тавьчихдаг. Англи зэрэг оронд багш хичээл заана, асуултыг сургалтын алба гаргана, шалгалтыг хөндлөнгийн комисс авч дүн тавьдаг. Энэ нь оюутны мэдлэгийг шалгахын зэрэгцээ багшийг бас шалгаж байгаа юм.
-Манай боловсролын хуучин тогтолцооноос юуг нь уламжлан авч хөгжүүлэх ёстой гэж үздэг вэ?
-Мэдээж улс төржсөн, нэг намын эрх ашгийг хамгаалсан нийгмийн ухааны сургалтыг үндсээр нь өөрчилсөн нь ойлгомжтой. Байгалийн ухааны сургалт үнэхээр сайн байсан шүү. Манайхан ЗХУ-д байсан тогтолцоог орос тогтолцоо гэж ойлгоод байдаг юм. Энэ чинь ЗХУ Германаас авсан тогтолцоо юм шүү дээ. Английн алдартай Итон коллежид ЗХУ-ын энэ систе мийг 1995 оноос хэрэглэж туршаад орон даяараа хэрэглэх боллоо шүү дээ. Харин онолын мэдлэгийг амьдралд хэрэглэж чаддаг чадвар, дадлагатай болгож хандлагыг нь өөрчлөх хэрэгтэй юм. Өнөөдөр дэлхийд байгаа масс болон элит боловсролоос олохид зориулсан боловсролыг л хуулах гээд байна. Монгол шиг цөөн хүн амтай, IQ өндөртэй орны хувьд элит боловсролыг бүх сургуульд хэрэглэж болох талтай, бололцоотой гэж боддог.
-Надтай ний нуугүй ярилцаж олон сайхан санал хэлсэнд баярлалаа. эрдэм судлалын ажилд чинь амжилт хүсье.
Жич: Олон улсын эрдэм шинжилгээний “Монгол судлалын шинэ эрин, шинэ хүч, шинэ эрэл” хурлын үеэр доктор гавъяат багш С.Төмөр-Очир гадаадын эрдэмтдийн хамт өөрийн шавь нар болох доктор Д.Эрдэнэбаатар, доктор С.Отгонжаргал, доктор гавьж лам Ц.Отгонбаяр нартай хамт илтгэл тавьж хэлэлцүүлсэн сонин учрал тохиожээ.