Нидерландын алдарт уран зураач Винсент Ван Гогийн амиа егүүтгэсэн гэж үздэг халаасны гар бууг дуудлагаар худалджээ. Буу дуудлага худалдаа зохион байгуулагчдын тооцож байснаас гурав дахин их буюу 182,000 ам.долларын үнээр зарагдсан байна.
Зэвэрсэн хуучны гар бууг нэрээ нууцалсан цуглуулагч утсаар үнэ хаялцаж худалдаж авчээ. Энэ бууг 1965 онд Ван Гогийн амьдралын сүүлийн хоногуудаа өнгөрөөсөн тосгоны ойролцоогоос фермерийн аж ахуй эрхлэгч олсон байна. Алдарт уран бүтээлчийн амиа егүүтгэсэн буутай үйлдвэрлэсэн он, хэлбэр загвар нь таарсан тул Ван Гогийн аминд хүрсэн зэвсэг мөн гэж итгэдэг.
Винсент Ван Гог 1890 оны долдугаар сарын 27-ны өдөр Парисаас хойшоо цөөн км-ын зайтай байдаг Auvers-sur-Oise тосгоны ойролцоо цээжиндээ буудаж амиа егүүтгэсэн гэж үздэг. Халаасны жижиг гар буу хүч муутай тул уран зураач тэр дороо амиа алдалгүй хэд хоногийн турш зовиурлаж байгаад амьсгал хураажээ.
Энэ явдлаас хойш 70 гаруй жилийн дараа түүний зогсож байсан газраас зэвэрч муудсан бууг олсон нь одоо ч жинхэнэ эсэх нь эргэлзээтэй байдаг юм.
Эх сурвалж: www.bbc.com