Швейцарийн гэр бүл Хятад руу аялаад ирэхдээ алтадсан хээтэй, галт шувуун бариултай, хүрлээр хийсэн хүжний сав авчиржээ. Тэд анхандаа үүнийг эртний ховор нандин эдлэл гэж бодоод Берлиний музейд тавихыг хүсэхэд хүлээж аваагүй байна. Дараа нь Британийн дуудлага худалдаагаар зарах хүсэлт гаргасан ч тэд зургийг нь хараад танилгүй өнгөрчээ.
Тиймээс эртний ховор эд биш гэж итгэсэн гэр бүл хүж асаадаг саванд теннисийн бөмбөг хийж хадгалж байжээ. Хаячихья гэж бодсон ч яагаад ч юм тэдэнд маш их таалагддаг байсан тул хаяагүй байна.
Харин Швейцарийн Коллер дуудлага худалдааны мэргэжилтнүүд хүж уугиулдаг савыг хараад 17 дугаар зууны үеэс улбаатай эртний эдлэл мөн гэдгийг таньж гайхшран, сонирхож эхэлжээ. Коллер дуудлага худалдааны ажилтнууд алтадсан хүрэл савыг авч Хонконг дахь эртний эдлэлийн дуудлага худалдаан дээр танилцуулсан байна.
Уг савыг худалдаж авахаар 30 орчим хүн үнэ хаялцаж эцэст нь 4,9 сая ам.доллараар зарагджээ. Шинжээчид үүнийг Хятадын эзэнт гүрний үед хэрэглэгдэж байсан ба хэмжээ, дүрс зэргээс нь харвал түүнээс ч эрт үеийнх байж магадгүй гэж үзсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com