Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалыг ЭЦА-ынхан хэд хэдэн үндэслэлээр шалгаж, нэг бус хэрэгт яллагдагчаар тооцоод байгаа билээ. Тухайлбал, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкинд зээл олгохдоо маш бага хүүтэй шилжүүлсэн, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын зэс корпораци ХХК-ийнхан авахад Монголбанк баталгаа гаргасан гэх зэрэг үндэслэлээр Н.Золжаргалыг мөрдөн шалгах дээрх хоёр байгууллагын хамтарсан ажлын хэсгийн саналаар яллагдагчаар татсан юм.
Эрх мэдэл албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдоод буй түүний Австрид үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэх үйлдлийг шалгаж дуусжээ. АТГ-ынхан өнгөрсөн гуравдугаар сард мэдээлэл хийхдээ “Н.Золжаргалд холбогдуулан гурван багц асуудлыг шалгаж байна. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа арилжааны банкуудад хуулиар тогтоосон хэмжээнээс бага хүүтэй зээл олгосон, Австри улс руу мөнгө шилжүүлж, байшин худалдан авсан, хууль зөрчсөн хэлцэл хийсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Эдгээр асуудлыг энэ хоёрдугаар улиралд багтаан дуусгана” хэмээж байв.
Тэгвэл мөрдөн шалгах ажиллагаа дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт ирүүлсэн гэдгийг эх сурвалжууд баталлаа. Шалгалтаар Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал 2013-2016 онд төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр Австри улс руу мөнгө шилжүүлсэн нь тус улсаас ирүүлсэн баримтаар тодорхой болсон сурагтай. Улмаар тэр 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэдгийг Австрийн прокурорийн газраас шүүхийнхээ зөвшөөрлөөр гаргаж, Монгол Улсад ирүүлсэн баримт буй гэнэ. Тиймээс Н.Золжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөж байж болзошгүй хэмээн буруутгаж, шүүхэд шилжүүлэхээр болоод байна.