СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Египетийн Ерөнхийлөгч асан Мохаммед Мурси шүүх танхимд амьсгал хураав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Египет улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаад 2013 онд Арабын хувьсгалын шуурганаар огцорсон Мохаммед Мурси өнгөрсөн хугацаанд хоригдож шүүх хурал нь үргэлжилсээр байсан юм. Гэвч шүүх хурал болж байсан өрөөнд Ерөнхийлөгч асан  муужран унаж амьсгал хураасан талаар эх сурвалжууд мэдээлжээ.

67 настай Ерөнхийлөгч асны үхлийн шалтгаан нь зүрхний шигдээс байсан гэжээ. Мурсийг дэмждэг байсан Исламын ахан дүүс хөдлөгөөнөөс түүний үхлийг сайтар боловсруулж бүрэн төлөвлөсөн санаатай хүн амины гэмт хэрэг байсан хэмээн мэдэгдсэн байна. Гэр бүлийнхэн болоод бусад дэмжигчдийн хэлж байгаагаар өнгөрсөн жилүүдэд Мохаммед Мурсийн биеийн байдал хүнд байсан ба цусны даралт нь ихэсч, чихрийн шижин туссан ч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг эрс хориглосон байжээ.

Орон нутгийн цагаар даваа гарагт Египет улсын нийслэл Кайр хотын шүүх танхимд Мурсийг Исламын ахан дүүстэй ойрын холбоотой Палестины Хамас бүлэглэлд мэдээлэл дамжуулж байсан эсэхийг шүүн хэлэлцсэн. Даваа гарагийн 16 цаг 50 минутад эмнэлэгт амьсгал хураасан болохыг олон нийтэд мэдэгджээ.

 

 

Анхан шатны прокурорын дүн шинжилгээгээр биед нь ямар нэг гадны нөлөө үүссэн гэх шинж тэмдэг илрээгүй байна. Түүний хүү Абдулла Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа эцгийнхээ бие цогцсыг хаана байгааг мэдэхгүй байгаа ба эрх баригчид талийгаачийг төрсөн нутаг Шаркияа мужийн Нил Делтад оршуулахыг хориглосон гэжээ.

Мохаммед Мурси гэж хэн бэ?

Хэдийгээр Мохаммед Мурси Египет улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод ердөө жилийн дараа цэргийн эргэлтээр огцорч баривчлагдсан боловч тус улсад ардчиллын салхи, Арабын хувьсгалыг үнэртүүлсэн хүн юм. Тэрээр ардчилсан сонгуулиар сонгогдсон Египет улсын анхны төрийн тэргүүн билээ.

Мурсийг огцорсны дараа хууль зөрчигчдийн бүлгэмийг удирдсан, Засгийн газрын эсрэг жагсагчдыг хүч хэрэглэн баривчилсан болоод төрийн нууцтай холбоотой гурван хэрэгт буруутган тус бүрт шүүн таслах ажиллагаа явуулж байсан юм. Хамгийн сүүлд шүүхийн шийдвэрээр 45 жилийн хорих ял сонсчээ. ба дэмжигчдийнх нь зүгээс Мурсид тулгасан ялыг улс төрийн шинж чанартай зохин байгуулалттай үйлдэл хэмээн буруутгасаар ирсэн.

 

 

Мурситай ойрын холбоотон байсан Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Катарын эмир Шейх Тамим бин Хамад аль Тани зэрэг зэргэлдээх орны удирдагчид түүний үхэлд харамсаж гүн эмгэнэл илэрхийлжээ.

Мохаммед Мурси нь 1951 онд Эль Адва тосгонд мэндэлж Кайрын их сургуульд инженер мэргэжлээр сурч, 1970-аад оны үед докторын зэргээ хамгаалахаар АНУ руу нүүсэн байна. 2012 оны анхны ардчилсан Ерөнхийлөгчийг сонгох өрсөлдөөнд Исламын ахан дүүс намаас нэр дэвшжээ. Олон нийтийн зүгээс Мурсийн байгуулсан улс төрийн тогтолцоо, Засгийн газрыг шүүмжлэн буруушааж олон сая иргэн жагсаалд нэгдсэн юм. Түүнийг Ерөнхийлөгчийн албыг хүлээж авсан эхний нэг жилийн ойд  олон нийтийн эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлж гурав хоногийн дараа армийн эрх мэдэлтнүүд үндсэн хуулийг түдгэлзүүлж, түр удирдагчийг нэрлэн Мурсийг баривчилсан байдаг.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.