Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн урьчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношлогоонд анх удаа хамруулахаар болов. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгосон насны ангиллын дагуу эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт “Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг”-ийг Эрүүл мэндийн даатгалд даатгуулагч иргэн бүрт зохион байгуулахаар болжээ.
Үзлэгүүдийг 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш насны ангиллаар хамруулна. Бүх насны ангилалд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, халдварт бус өвчний бүрдмэл үнэлгээ хийх ба энэ үзлэг дээр суурилан эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэн дараагийн үзлэгт хамруулах гэнэ.
Тэгвэл 18-34 насны урьдчилан сэргийлэх багцад БЗДХ, сүрьеэгийн илрүүлэг үзлэг орно. 40-өөс дээш насны даатгуулагчид нийт найман төрлийн хорт хавдрын илрүүлэг, үзлэгийг хийнэ. Ингэснээр зонхилон тохиолдох халдварт бус өвчний болон хорт хавдрыг эрт илрүүлж, эмчилэх боломж бүрдэж байгаа юм.
Энэхүү үзлэг оношлогоог хийснээр 2030 он гэхэд хорт хавдарын нас баралтыг 35 хувиар бууруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Уг үзлэг шинжилгээг энэ сарын эхээр харьяа Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн Эрүүл мэндийн газруудад хийхээр төлөвлөжээ.