Соёл урлагийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр соёл урлагийн салбарын байгууллагуудын үйл ажиллагааны цар хүрээ, хүртээмж, нийгэм, соёлын хөгжилд оруулж буй хувь нэмрийг ард иргэдэд суртачилан таниулах, иргэдээс соёл урлагийн үйлчилгээний талаар цаашид ямар үйлчилгээ авах талаар судалгаа авч байлаа.
Түүнчлэн “Соёл урлаг-Үндэсний дархлаа” хүндэтгэлийн тоглолт, шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолтууд, төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээ болов. Өдөрлөгт ирсэн хүмүүс өөрсдийн хүндэлж явдаг жүжигчидтэй хамт зургаа татуулж, зан үйл, өв соёл, түүхийн хотхонтой танилцсан юм.
Өдөрлөгт Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын хүүхэлдэйн театр, Улсын филармони, Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, нийслэлийн дүүргүүдийн соёлын ордон тэргүүтэй 24 байгууллагын удирдлагууд оролцлоо.
Дээрх байгууллагууд өөрсдийн онцлогийг харуулсан урлагийн номер бэлдсэнээс гадна үзэгч олонд зориулсан үзвэрийг байршуулсан байв. Үүнд Богд хааны ордон музейн жижигрүүлсэн хувилбар, музейн ховор үзмэрүүдийг дэлгэж, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургуудыг дэлгэн харуулснаас гадна өндөр Гонгорын бодит хэмжээг илтгэсэн макеттай иргэд зургаа татуулан нэгэн өдрийг сонирхолтой өнгөрөөлөө.
Сурвалжлагч Э.Цэлмэг