Энэтхэгийн хойд нутгийн Бихар мужийн Музафарпур хотын эмнэлгүүдэд бага насны хүүхдүүд тархины эмгэг өвчнөөр амиа алдах болжээ. Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд ойрын 10 хоногт амиа алдсан 30 гаруй хүүхэд хортой жимс идсэн байж болзошгүй гэж үзэж байна.
Хүүхдүүдийн идсэн луугийн нүд жимснээс хорт бодис илэрсэн гэж мэдээлжээ. Амиа алдсан хүүхдүүдэд тархи нугасны хурц үрэвсэл үүсэх шинж тэмдэг илэрсэн ба цусан дахь глюкозын хэмжээ огцом буурсан байна. Одоогоор амиа алдсан 31 хүүхдээс гадна багаар бодоход 40 орчим хүүхдэд ижил шинж тэмдэг илэрч эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа гэжээ.
Эрүүл мэндийн салбарын ахлах мэргэжилтэн Ашок Кумар Сингхийн хэлснээр хүүхдүүдийн амь насыг аврахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна.
Музафарпур болон ойролцоох дүүргүүдэд 1995 оноос хойш жил бүрийн зуны саруудад үүнтэй төстэй эмгэг, хорт өвчин тархсаар иржээ. Нэн ялангуяа луугийн нүд жимс ургах үед ихэвчлэн тохиолддог аж. 2014 оны зун жимсэнд хордож тархи нугасны эмгэгээр 150 хүүхэд амиа алдаж байжээ.
АНУ-ын судлаачид эдгээр хүүхдүүдэд тохиосон тархины хурц эмгэг луугийн нүд гэх өвөрмөц жимсэнд агуулагдсан хорт бодисоос болсон гэж 2015 онд тогтоожээ.
Эрүүл мэндийн яамнаас цаг агаар хэт халж байгаа зуны улиралд өндөр настан, бага насны хүүхдүүдээ асарч хамгаалахыг анхааруулаад байгаа юм. Уг өвчний шалтгааныг тогтоохын тулд судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй гэж Америкийн эрдэмтэд сануулжээ.
Луугийн нүд жимс ургадаг Бангладеш, Вьетнам улсуудад ч мөн мэдрэлийн системийн эмгэг өвчин ажиглагддаг байна.
Эх сурвалж: www.theguardain.com