Хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн явцад бий болсон үе үеийн дуу, шүлэг, жүжиг, зохиол зэрэг олон уран бүтээлд бүтэлгүйтсэн хайраас болж шаналсан шархалсан түүхийг өгүүлсээр ирсэн билээ. Францын их сургуулийн эрдэмтэд саяхан хийсэн судалгаагаар лусын амьтан загас ч мөн бүтэлгүй хайраас болж сэтгэлээр унаж гутардаг гэдгийг олж мэджээ. Тиймээс сэтгэл хөдлөлтэй амьд бие организм хүнээс гадна загас байж магадгүй юм.
Бургундийн их сургуулийн судлаачид Төв Америкаас гаралтай, нэг хос сонгодог жижиг загасан дээр туршилт хийжээ. Тэд 33 эмэгчин загасыг эрэгтэй хостой болгохоор усанд тавьсан байна. Тэгээд хосоо олж чадаагүй эмэгчингүүд ямар зан төлөв гаргахыг нарийн ажиглажээ. Ингэхэд анхны сонгосон эрэгчиндээ хүлээн зөвшөөрөгдөөгүй эмэгчингүүд сэтгэлээр унаж гутарч буй шинж тэмдэг ажиглагдсан байна.
Удаа дараа явуулсан туршилт, сургуулилалтын явцад загаснуудыг эерэг буюу хоолоор шагнадаг хайрцаг, сөрөг буюу хоосон, дундын гэсэн гурван өөр өнгийн хайрцгийг хэрхэн сонгохыг харсан байна. Сонгосон хостойгоо нийлсэн эмэгчингүүд дундын хайрцгийг тэр дор нь сонгож байжээ. Харин хосоосоо салсан загаснууд хариуцлага алдаж ямар нэг зүйл сонгох идэвхгүй болсон байна.
Энэ нь хэрэв та сэтгэл санаагаар өөдрөг байвал аягатай тал усыг бараг дүүрэн гэж хардаг бол сэтгэл гутралд орсон үедээ бараг хоосон байна гэж хардагтай ижил юм. Загас ч мөн үүнтэй адил сэтгэл санааны байдлаас шалтгаалж идэвхтэй ба идэвхгүй үйлдэл үзүүлж байсан гэж судалгаа хийсэн эрдэмтдийн нэг экологич Франсуа Ксавье ярьжээ.
Дийлэнх сэтгэлзүйчид хүнээс бусад араатан амьтад сэтгэл хөдлөлгүй, хайр халамжийг мэдэрдэггүй гэж үздэг нь зөв биш гэдгийг уг судалгаа харуулж байна гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com