ХБНГУ-д 70 кг геройний төрлийн мансууруулах бодис тээвэрлэж яваад баригдсан дэд консул Б.Баттүшигтэй холбоотой мэдээлэл олсноо та бүхэнд хүргэе.
Б.Баттүшиг нь УДШ-ийн шүүгчээр ажиллаж байгаад гавьяандаа гарсан Бат-Эрдэнийн хүү болох нь тогтоогдсон.
Түүнийг хэн энэ албанд томилон явуулсан бэ гэдэг асуудал анхаарлын гадна орхигдох ёсгүй.
ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ “Б.Баттүшиг өмнө нь тагнуулын байгууллагад ажиллаж байсан нь үнэн. Улмаар Гадаад харилцааны яамнаас томилогдож Истанбул руу томилогдсон хүн” хэмээн хэлсэн байгаа.
Түүнчлэн Б.Баттүшиг нь Гадаад харилцааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Батсүхийн Баярсайхантай базууд бөгөөд базынхаа дэмжлэгтэйгээр тус албан тушаалд томилогдсон байж болзошгүй гэх мэдээлэл байна.
Яагаад гэвэл ГХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан нь Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай маш эртнээс нөхөрлөсөн, Д.Цогтбаатарын хаана явна, тэнд даргаар томилогддог нэгэн юм байна.
Тухайлбал, Д.Цогтбаатар 2008-2012 онд Гадаад хэргийн яамны ТНБД-аар ажиллаж байх үед Б.Баярсайхан ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын захирлаар ажиллажээ. Мөн Д.Цогтбаатар 2014-2015 онд Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллахдаа Б.Баярсайханыг мөн л тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар авч ажиллуулсан байдаг аж.
Яаманд ч тэр, шүүхэд ч тэр том артай учраас Б.Баттүшиг консул М.Энхмөнхийн өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй байж. Ерөнхий консул Э.Мөнх-очирыг 2019 оны 4 дүгээр сард эргүүлэн татсанаас хойш тэрбээр хяналтаас бүрэн гарчээ. “Би тагнуулын хүн. Би танай яамных биш” гэхчлэн дээд албан тушаалтнаа үл барахгүй, дипломат дугаартай автомашин, дипломат пасспорт ашиглан их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад ийнхүү баригдлаа.
Уг нь ГХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан 2019 оны нэгдүгээр сард дотоод аудитын шалгалтын ажлаар Истанбул дахь консулын газарт очсон юм билээ. Тэрээр шалгалтаа чанартай гүйцэтгэж, том толгой гарган хэл ам татлаад байгаа баз хүргэн Б.Баттүшигийн сэжигтэй үйлдлүүдийг илрүүлж, таслан зогсоож чадсан бол Монгол Улсын нэр хүнд дэлхий нийтэд шившиг болохгүй байж ч болох байв.
Гудамжны ханшаар бодоход гурван сая еврогийн үнэ хүрэх үнэлгээтэй, 70 кг хар тамхийг дэд консул ганцаараа хил дамнуулан тээвэрлэхгүй нь тодорхой. Энэ гэмт хэргийн ард байгаа ханган нийлүүлэгч, хүлээн авагч, санхүүжүүлэгч, хууль бус наймаанаас олсон орлогоос хувь хүртдэг том бүлэглэл заавал байгаа.
Уг бүлэглэлийг илрүүлэхээр манай улсын ТЕГ ажиллаж байгаа аж.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг тойрон хүрээлэгчдийн хань хамсаатнууд эхнээсээ улс эх орныхоо нэрийг сэвтүүлэх жигшүүртэй хэрэгт холбогдоод эхэллээ. Дараагийн удаад бид Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өөрийнхөө тойрон хүрээлэгчдийг гадаадын аль улс руу хэрхэн томилсон талаарх схемийг хүргэх болно.