Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын газрын дарга, хурандаа Г.Батсуурь нар “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцох хүсэлтэй хүмүүсийг бүртгэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар:
-Монгол Улсын зэвсэгт хүчин төмөр замын бүтээн байгуулалтад хэрхэн оролцож байгаа, цаашид яаж оролцох талаар мэдээлэл өгнө. Мөн зэвсэгч хүчнээс тавьж байгаа төмөр замын ажилд ямар боловсон хүчин хэрэгтэй байгаа мэдээллийг бас хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшөөрснөөр цэргийн ангийн бүрэлдэхүүн техник хэрэгслийг бүтээн байгуулалтад оруулж болно гэсэн хуулийн заалттай. Энэ хуулийн заалтын дагуу Засгийн газрын 135 дугаар тогтоол гарч Зэвсэгт хүчнийг “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын чиглэлийн 414.6 км төмөр замын далан барих ажилд дайчлан оролцуулаад байна. Уг бүтээн байгуулалтад ямар мэргэжлийн хүмүүс нэмэлтээр хэрэгтэй байгаа талаар ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын газрын дарга, хурандаа Г.Батсуурь мэдээлэл хийнэ гэв.
ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын газрын дарга, хурандаа Г.Батсуурь:
-Монгол Улсын зэвсэгт хүчин улс орныхоо бүтээн байгуулалтад оролцсоор их түүхэн сайхан туршлагатай. Тухайлбал, Дархан хот, Улаанбаатар хот, сангийн аж ахуйнууд гээд дурдаад байвал их. Энэ сайхан уламжлалаа үргэлжлүүлж, Халх гол сумыг жишиг сум болгох ажлын бүтээн байгуулалтыг зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хийж байна. Халх гол суманд сургууль, цэцэрлэг, сургуулийн байр, нийгэм, соёлын барилгын ажлыг ид өрнүүлж байна.
Мөн Сайншандад баригдаж байгаа газрын тос тээвэрлэх хүнд даацын төмөр зам барих ажил 71 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Энэ ажлыг зэвсэгт хүчин маань есдүгээр сарын нэгний өдөр хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа сайхан мэдээг дуулгахад таатай байна. “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын чиглэлийн 414.6 км төмөр замыг зэвсэгт хүчин барих шийдвэр гарсан. Төмөр замын суурь бүтэц, бүтээн байгуулалтыг барих ажил тавдугаар сарын 24-ны өдөр эхэллээ. Одоо далан барих ажил үргэлжилж байна. Энэ замыг үндсэндээ хоёр жилийн хугацаанд хийж дуусгах төлөвлөгөөтэй. Гэвч барилгын ажлыг тавих явцад том оврын тээврийн жолооч, индүүчин, бульдозерчин зэрэг олон ажлын байр шинээр бий болж байна. Иймд иргэд маань идэвхтэй оролцоно уу.
-Яг хэдэн ажлын байр байгаа вэ?
-Мянга орчим ажлын байр шинээр бий болох тооцоо гарсан. Бид бүртгэлийн тоо заахгүй. Бүртгүүлэхээр ирсэн бүх хүмүүсийг бүртгэж авна.
-Цалин хөлс ямар байх вэ?
-Цалин хөлс гүйцэтгэлээр байх ёстой шууд нарийн хэлж чадахгүй байна. Гэхдээ бид маш бага хөлсөөр маш их ажлыг хийлгэхгүй. Хөдөлмөрийн хуульд заасан журам хугацаанд баригдаж ажиллана.
-Та бүхэн яг ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Эрүүл саруул бие бялдартай, мэргэжлийн зэрэг үнэмлэхтэй, ажлын туршлагатай хүмүүсийг авах бодлого барьж байгаа. Бид автозамын инженер, гүүр хоолойн инженер, тоо хэмжээний инженер, материал чанарын инженер, хөрсний инженер, геодези хэмжилтийн инженер ажилд авна. Мөн техникийн чиглэлээр 10 мэргэжлийн чиглэлээр хүмүүсийг ажилд авна.
Ажилд орохыг хүссэн хүмүүсийн бүртгэлийг аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын ажлын байранд ирэх даваа гаригаас эхлэн бүртгүүлээрэй. Насны шаардлага тавиагүй. Харин ажилд орж байгаа хүмүүс маань туршлагатай, аливаа муу зуршилгүй, ачаалал даах чадвартай байх ёстой