- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
ЖДҮХСангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа энэ сарын 27-ноос орон даяар эхэлсэн. Зээл олголт болон төсөл сонгон шалгаруулах явц, шинэ журмын дагуу хэрхэн зохион байгуулах талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяаг "Цайны цагийн зочин" буландаа урилаа.
Уг журмын дагуу зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20-300 сая төгрөг хүртэл, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20-200 сая төгрөг, Улаанбаатар хотод 300 саяас нэг тэрбум төгрөг хүртэл олгохоор тогтоосон.
Улаанбаатар хотод 47, хөдөө орон нутагт 20.5 тэрбум төгрөг хувиарлаж эрх мэдлийг нь шилжүүлсэн. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг ил тод зохион байгуулах үүднээс сонгон шалгаруулах үйл ажиллагааг цахим систем ашиглан зохион байгуулж байна.
Төсөл сонгон шалгаруулах хороонд долоон гишүүн байгаагаас төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын дөрвөн төлөөллийг оролцуулах зэргээр олон нийтийн оролцоог хангаж байгаа. Төсөл сонгон шалгаруулалтын үе шат бүрт тухайн төслийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх боломжоор хангаж ажиллана. Төслийг энэ сарын 10 хүртэл цахимаар болон яамны байранд хүлээж авна. Зургадугаар сарын 1-ний байдлаар 47 хүний 13.1 тэрбум төгрөгийн төсөл ирсэн.
Өндөр албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээд, хамаатан саданд зээл олгохыг бүрэн хориглосон. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч нь санхүүжилтийнхээ 30 хүртэл хувийг өөрийн эх үүсвэрээс гаргасан байх шаардлагатай. Засгийн газрын тусгай сангуудад өр зээлтэй бол олгохгүй.
Мөн Монголбанкны зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлийн мэдээлэлд орсон бол зээлд хамрагдах боломжгүй. Түүнчлэн нийгмийн даатгал болон татварын байгууллагад өргүй байх зэрэг шаардлага тавьсан. Зээлийн хороо хамгийн түрүүнд төслийг хүлээн авч зээлийн иж бүрдлийг шалгана. Хэрэв дутуу бүрдүүлсэн байвал II шатанд орох боломжгүй болох учраас бүрдүүлэх материалаа нэг бүрчлэн шалгаж иж бүрэн, үр дүнтэй байх шаардлагатай. Түүнчлэн төсөл нь зээл олгох тэргүүлэх чиглэлийн салбарт багтсан байх ёстой. Ингэснээр нэг оноо авах жишээтэй.