Өнгөрсөн долоо хоногт Индонезийн Сулавеси аралд 7,5 магнитудын хүчтэй газар хөдөлж, амь үрэгдсэн иргэдийн тоо 830 даваад байна. Палу далайн эргийн хотод байшин барилга газрын хөрстэй тэгширч олон арван хүн дарагдсан тухай мэдээлжээ. Барилгын нурангид дарагдсан иргэд баасан гаригаас хойш амьд мэнд гэдгээ мэдэгдэж аврагдахаа хүлээсээр байна. Аврагчид нэн түрүүнд нурсан барилгад дарагдаж, амь аврахыг хүсэн оргилж хашгирч байгаа хүмүүст ундны ус, хүнс дөхүүлэхээр ажиллаж байгаа юм.
Хүчтэй газар хөдлөлт, цунамийн дараа орон гэрээ алдсан иргэд гадаа ил задгай хоног төөрүүлж байна. Индонези улсын Ерөнхийлөгч Жоко Видодо байгалийн гамшигт өртсөн бүсэд ням гаригт зочилж, иргэдийг аврахын тулд өдөр шөнөгүй ажиллахыг уриаллаа.
Палу хотын Роа Роа зочид буудлын нурангиас гурван хүнийг эсэн мэнд аварч чаджээ. Дахин энд 50 гаруй хүн дарагдаж үлдсэн гэж таамаглаж байна. Учир нь зочид буудал, худалдааны төвийн нурсан барилга доороос иргэд хашгирсаар байжээ. Тэдний дунд бага насны хүүхэд уйлах чимээ сонсогдсон байна. Байгалийн гамшигт өртсөн бүсэд зам тээвэр хаагдсан, нисэх буудал сүйдсэн, харилцаа холбоо тасарсан учир аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа юм. Хамгийн ойрын нисэх буудалд 10-12 цаг явж байж хүрнэ. Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгээс Сулавеси арлын 1,6 сая оршин суугч байгалийн гамшигт өртсөн ба амь үрэгдсэн хүмүүсийн тоо хэдэн мянгад хүрч болзошгүй гэж анхаарууллаа.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com