Аав нь охиноо онгоцны жолооч болгох гэсэн хүслийнх нь дагуу жолооч болж, алтан шар замтай амьдралынхаа бүх хугацааг холбосон энэ ээжийг О.Даваасүрэн гэдэг.
Жолоо бариад 50 гаруй жилийн нүүрийг үзэж буй тэрээр жолоочоос өөр мэргэжил эзэмшээгүй, жолоочоос өөр ажил хийж байгаагүй гэх...
Өдгөө 70 дөхсөн ч Замын-Үүд-Эрээний боомтод ачаа, хүн тээвэрт өдөр алгасалгүй давхиж буй 1000 гаруй жолоочтой мөр зэрэгцэн “жолоогоо мушгих” түүний хамгийн жаргалтай ажил нь жолоогоо барих...
Замын-Үүдийн жолооч нарын “Өндөр ээж” гэлтэй О.Даваасүрэн гуайн дэргэд ирсэн жолооч дүү нар түүнээс эмээхдээ машинаа арчих, үг үйлдлээ хянах нь наад зах. Зарим нь бүр машинаа хэрхэн угаахыг ч асууж, туршлага судалдаг ажээ.
Ийм нэгэн ээжийг бид “Эх үрсийн баярын өдөр”-ийг тохиолдуулан ярилцлагын зочноороо урьсан юм.