Монголд бүжгийн урлаг нэг хэсэг зогсонги байдалтай байсан гэдэгтэй хүн бүр санал нэгдэх биз ээ. Харин сүүлийн үед чадварлаг бүжгийн хамтлаг, продакшнууд шил шилээ даран гарч ирж байна. Үүний нэг нь гудамжны бүжгийг залуучуудад түгээгч "Аймар" продакшн юм. Тус продакшны хувьд үйл ажиллагаагаа явуулаад нэлээдгүй хугацааг үдсэн бөгөөд тэд тайз дэлгэцийн олон ч уран бүтээлийн бүжгийг амилуулж байсан билээ. Ингээд бид "Аймар" продакшны үүсгэн байгуулагч, ASSASSINS хамтлагийн ерөнхий захирал, бүжигчин Э.Батзоригийг онцлон түүнтэй хэсэг хором ярилцсанаа хүргэе.
-Бүжигт дурлахад юу нөлөөлсөн бэ?
-Арван жилээсээ бүжиглэх дуртай байсан. Эцэг, эхийн шаардлагаар МУИС-ийн Олон улсын харилцаанд суралцан 2008 онд төгсөн “Зоос” банканд маркетингийн менежерээр хоёр жил ажилласан. Нэг өглөө ажилдаа иртэл “Зоос” банк дампуурч шинэ ажлын санал тавьсан юм. Тэр үед БНХАУ руу хэлний бэлтгэлд суралцах боломж олдон явсан ч ханз бичнэ гэдэг миний хийх ёстой зүйл биш гэдгийн мэдэн сургуулийнхаа бүжгийн зааланд цаг зав гарвал бүжиглэдэг байлаа. Нэг өдөр хэдэн хятадууд ирээд надтай танилцан нэрийн хуудсаа үлдээгээд явсан юм. Ингээд долоо хоногийн дараа залгатал Ханжоу хотод ирэхийг урьсан. Хангжоу хотын хоёр том бүжгийн студийн нэг MADA намайг бүжгийн багшаар ажиллах санал тавьсан. Энд байх хугацаандаа бараг эргэлт буцалтгүй бүжгээрээ цаашид явахаар шийдсэн. Учир нь хятадуудад атаархсан.
-Тэгвэл тэр атаархлын сэтгэлээр Монголдоо ирээд “Аймар” продакшиныг байгуулсан юм уу?
-Тухайн үед Монголд бүжиг сонирхдог хүүхэд, залуусыг нэгтгэсэн бүлэг, продакшин байгаагүй. Гэтэл Хятадын тэр бүжгийн студи гадны шилдэг бүжигчдийг авчран хичээл, сургалт хийн зах зээлээс мөнгө олоод байсан. Түүнчлэн Хятадад эцэг, эхчүүд нь хүүхдээ дагуулан чөлөөт бүжиг сургахаар авчирдаг билээ. Монголд бол хэзээ ч эцэг, эх нь хүүхдээ гудамжны бүжгээр хичээллүүлмээр байна хэмээн дагуулж ирж байсан тохиолдол байхгүй. Ингээд 2010 онд 10 хэдэн залуус өөрсдийн сонирхлоор бүлгээ байгуулж байлаа. Одоо бол өөр өөрсдийн амьдралаа хөөж, үндсэн таван хүний бүрэлдэхүүн тунаж үлдсэн.
-Бүжигчин Төөгий та хоёрын хувьд нэг студидад харьяалагдаж байсан. Дараа нь тус тусдаа бүжгийн хоёр том хамтлагийг бэлдэн “Авьяаслаг монголчууд” нэвтрүүлэгт оролцсон. Энэ явдал та хоёрын хувьд өрсөлдөөн байсан уу?
-Анх продакшнаа байгуулахад бид нарыг мэдэхгүй, гудамжны бүжгийн сургалт болно гэхээр хоёр гурван сурагч ирдэг байсан. Бид хэд тууштай хөдөлмөрлөсний эцэст олонд танигдан сургалтуудад олон хүүхэд, залуус хамрагдах хүсэлтэй болсон. Ингээд салбарлаж тусдаа гарахаар болсон юм. Хүмүүс болохоор муудалцаад бие биетэйгээ таарахаа болиод тусдаа бүжгийн студи байгуулсан гэж боддог юм байна лээ. Үнэндээ тийм зүйл байхгүй. Хүн бүрийн ертөнцийг үзэх үзэл өөр тул өөрсдийнхөө уран бүтээлийг хийхээр болсон.
“Авьяаслаг монголчууд” нэвтрүүлэгт миний таван жил бэлдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй ASSASSINS хамтлаг оролцсон. Төөгөөгийн хувьд ч гэсэн өөрийн студийн 116 хамтлагийн залуусыг бэлтгэн тэмцээнд хүч сорьсон нь нөгөө талаараа өрсөлдөж байна гэдэг чинь гоё шүү дээ.
-Гудамжны бүжгийг Монголдоо олонд таниулахад юу түлхэц болсон бэ?
-Гудамжны бүжиг гээд байгаагаас биш чөлөөт сэтгэлгээ яваад байгаа юм. Тайзны үзүүлбэр бидэнгүйгээр байхаа больчихлоо. Тайзан дээр ямар ч бүжигчингүй хамтлаг, дуучид дуулах нь сонирхол татахаа больсон. Орчин үеийн бүжгийн урлагийг таниулахын тулд золиос бол гарсан. Эхний хэдэн жил хүмүүс дээр очоод гуйгаад явдаг л байсан. Тэр үед дуучин Цэлмүүний “Хайрласан болохоор” дууны клипийн бүжиг дэглэлтийг найруулан бүтэн бүжгийн үзүүлбэртэй клипийг тухайн үедээ хийж байлаа. Бид өөрсдөө золионы үе нь яваад байгаа. Жишээ нь би хэзээ ч тэмцээнд оролцоод байр шагнал эзэлж байсан түүх байхгүй.
Гудамжны бүжигчдэд Соёлын тэргүүний ажилтан гэх цол өгөхгүй шүү дээ. Тууштай зангийн ачаар өдийд хүрсэн. Хүмүүс тэр болгон ямар хэцүүг туулж ирснийг мэддэггүй.
-Таны хувьд бүжгийн хамтлагаа удирдаад явж байна. Жилд нэгээс хоёр удаа элсэлт авдаг гэсэн. Энэ дундаас шалгарсан хүүхэд, залуусын сонирхлыг дэмжин ажиллаж байна гэсэн үг үү?
-Гадны бүжгийн бүх студиудад дотоод хүчээ бэлдэхийн тулд сонгон шалгаруулалт явуулдаг. Манай улсын гудамжны бүжгийг сонирхож байгаа хүрээллийн хувьд өсвөр үеийнхэн байдаг. Элсэлтээр 50-60 гаруй хүүхэд ирдэг ч өөрийгөө харуулахгүй байж байгаад том студиудад орох юм шиг санадаг. Зарим нь махаа зулгаан барин байж бүжиглэж сурдаг. Манай бүлгийн залуус өөрсдийгөө бүжигт бүрэн золиосолсон. Одоогоор 60-70 хүн манай бүлэгт харьяалагдан бүжиглэж байна. Энэ онд дахиж сонгон шалгаруулалт хийхгүй бөгөөд онлайнаар хичээл заахаар болсон. Мөн бүлгийн залуусыгаа улам хөгжих боломж олгохоор ажиллаж байна. Яахав зарим нэг артисууд өөрсдийн гэсэн бүжигчинтэй болохыг хүсэх юм бол сонгон шалгаруулалт явуулан бэлдэх боломжтой.
-Авьяас, хөдөлмөр хоёрын талаар юу гэж боддог вэ?
-Авьяасгүй хүн гэж байхгүй. Харин техникгүй хүн гэж байдаг. Жишээ нь хөлийг баруун тийшээ хөдөлгөөд ингэнэ тэгнэ хэмээн заахад сурдаг. Олон жил дадаж байж сурна. Өдөр бүр бүжгийн бэлтгэлээ хийхээс гадна бүжиглэж буй хөгжмөө мэдэрч ойлгох хэрэгтэй.
Авьяастай хүмүүс Монголд төчнөөн байна. Залуус дор хаяж гурван жил хөдөлмөрлөж байж өөрийгөө бусдад таниулна гэдэг сэтгэл зүй байдаггүй. Амархан хурдан од болох хүсэлтэй. Өөрийнхөө алдаанаас болоод манай бүжгийн студийн шаардлагад нийцэлгүй хасагддаг залуус байдаг. Гэтэл хөдөлмөрлөөд явж байгаа манай бүлгийн бусад залуус өөрсдийн хүссэн мөнгө олон хөдөлмөрөө үнэлүүлж чадаж байна.
-Таны хувьд Z generation буюу 20 хүрч байгаа залуустай өдөр тутам харилцаж байна. Энэ үеийнхэнд юу зөвлөмөөр санагддаг вэ?
-Намайг гудамжны бүжиг заадаг гэж ойлгодог ч хичээл орохоосоо өмнө нь залуустай амьдралын талаар ярилцах дуртай. Тэдэнд аль болох цагийн үр бүтээлтэй, ирээдүйгээ томоор харах хэрэгтэй талаар хэлдэг. Мундаг лаг хүүхдүүд байгаа ч нийт массыг хамарч чадахгүй байна. Одоо үед хэл сурахад бүх зүйл бэлэн байхад яагаад англи хэл сурахгүй байгаа юм бэ хэмээн загнамаар санагддаг.
Шинээр бэлдэж байгаа залуустаа хүртэл байгаа мэддэг хөдөлгөөнөө эвлүүлээд бүжиглэх биш мэдэрч бүжиглэх хэрэгтэй гэдгийг сургадаг
-ASSASSINS хамтлагийнхаа ирээдүйг хэрхэн харж байна вэ?
-Хамтлаг гэхээсээ илүү гэр бүл шиг дотно. Би аятайхан байж чадахгүй бол тэд маань бутрах аюултай. Заримдаа ч шантрах зүйл байдаг ч энэ бүгдийг хаялаа гэхэд цаана байгаа залуусийн хүсэл мөрөөдөл хаягдана. Тийм учраас ажлаа сайн хийснээр миний ард байгаа хүмүүс бас сайн сайхан явах учраас шантрах эрх байхгүй. Ирэх жилээс хамтлагийнхаа гишүүдийг урлагийн сургуульд нэгээс хоёр жилд суралцуулахаар зорьж байгаа. Миний хувьд 50 нас хүртлээ бүжиглэнэ гэж байхгүй. Тиймээс өөрийгөө илүү хөгжүүлэн дэглэлтээс гадна зураг авалтын найруулга, жүжиглэлт зэрэгт суралцаад явж байна. Ер нь урлагтай холбоотой бүх зүйлийг бүжиг заагаад өгчихсөн.
-Уран бүтээлдээ баримталдаг зарчим?
-Миний болон хамтлагтаа нэг зүйлийг зарчим болгодог. Бүжиг дэглэхээр бол хэд хоног бодож, хөгжмөө мэдэрч, дууныхаа үгийг хүртэл ойлгон мэдрэмжээрээ бүжгээ дэгэлдэг байгаа. Шинээр бэлдэж байгаа залуустаа хүртэл байгаа мэддэг хөдөлгөөнөө эвлүүлээд бүжиглэх биш мэдэрч бүжиглэх хэрэгтэй гэдгийг сургадаг. Манай бүлгийн зарчим бол хатуу. Хүмүүс урлагийг гоё талаас нь хардаг. Ард нь болж байгаа үйл явдлыг мэддэггүй. Ядартлаа бэлтгэл хийнэ, өлсөнө, өвдөнө, даарна гээд олон бэрхшээлийг бүжигчид маань амсдаг.
-Бүжигчин хүний хөдөлмөрийг манай улс үнэлж чадаж байна уу?
-Үнэ цэнэ гэдэг бусдаар үнэлүүлдэг зүйл биш. Чи өөрөө үнэ цэнэтэй байх ёстой. Хийдэг зүйл чинь чанартай байх ёстой. Тэгж байж бусад нь үнэлнэ. Бусдыг хүндэлдэг байх хэрэгтэй тэгж байж бусдад хүндлэгддэг.
-Та яг одоо юун төвлөрөн ажиллаж байна вэ?
-Түрүүн элсэлт авахгүй онлайнаар хичээл заахаар болсон гэсэн. Тун удахгүй www.aimar.com сайтаа нээн онлайнаар бүжгийн хичээл, сургалт заахаар бэлдэж байна. Яг түүн шиг шоуны бүжиг дэглэлт болон тун удахгүй болох Big Gee-гийн тоглолтын бэлтгэл ажилд орсон байгаа.