Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдрийн чуулганаар хэлэлцэж дөнгөж сая гишүүдийн олонхийн саналаар уг хуулийг баталлаа
Хууль батлагдсанаар 2020 оны есдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд 2020 оноос эхлэн 1-5 дугаар ангийн сурагчид үдийн хоолны үйлчилгээнд хамрагдах бөгөөд 2023 оноос эхлэн 1-12 дугаар ангийн бүх сурагчид тус хөтөлбөрт хамрагдах юм.
Одоогийн байдлаар манай улсын ЕБС-ийн 1-5 дугаар ангийнхан буюу бага ангийн сурагчид "Үдийн цай" хөтөлбөрт хамрагдаж байгаа билээ. Энэ шийдвэр анх 2006 онд гарсан бөгөөд I-V ангийн сурагчдад зардлын норматив болох 600 төгрөгт багтаан үдийн цай өгдөг.
Сурагчид өдрийн 1/3-ийг сургууль дээрээ өнгөрүүлдэг хэдий ч үдийн цайнаас авах илчлэгийн хэмжээ нь хоногийн хоол хүнснээс авбал зохих нийт илчлэгийн 15 хувьтай тэнцүү буюу илч зарцуулалт, шаардлагатай шим тэжээлийг нөхөж чадахгүй байгаа аж. Мөн эрүүл бус хүнсний хэрэглээ нэлээд түгээмэл, бараг бүх хүүхэд ямар нэг төрлийн эрүүл бус хүнс хэрэглэдэг, 10 хүүхэд тутмын 8 орчим нь чихэрлэг ундаа болон шарж болгосон хоол хүнс хэрэглэдэг болохыг тогтоожээ.
Нийт сурагчдын 98.4 хувь нь сургууль болон сургуулийн ойр орчмоос хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэдэг нь тогтоогджээ.
Иймд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзээд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, батлуулжээ.
Ингээд та бүхэндээ Засгийн газрын энэ шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн ярьсан мэдээллийг хүргэж байна.