Дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд авирах нь уулчин хүн бүрийн мөрөөдөл, хүсэл зорилгуудын нэг байдаг нь гарцаагүй. Гэвч оргилд гарахаар олон зун уулчин далайн түвшнээс 8,000 метр гаруйн өндөрт агаарын тэсгэм хүйтэн температурт ээлж дараалалд зогсож байна.
Балбын вант улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулснаар уулчид оргилд хүрэх гэж олон цагаар дараалалд зогссоноос болж энэ долоо хоногт гурван уулчин амиа алджээ.
Амиа алдсан уулчид Америк, Энэтхэгийн иргэд байжээ. Америкийн уулчин 54 настай Дональд Лин Кэш нь Эверестийн оргилд гарахаар Юта мужаас ирсэн бөгөөд оройн хэсэгт зураг авч байгаад доош унаж амиа алдсан байна. Кэш дэлхийн долоон тивийн оргилд гарах мөрөөдлөө биелүүлэхийн тулд эхнэр, дөрвөн хүүхдээ орхин Балбыг зорьсон тухай түүний охин Facebook хуудсандаа нийтэлжээ. Уулчин мөрөөдлөө биелүүлэхийн тулд ажлаасаа гарсан ба өнгөрсөн нэгдүгээр сард Антарктикийн хамгийн өндөр уул Винсон Масифт гарсан байна. Албан ёсоор үхлийн шалтгааныг тодруулаагүй ч гэр бүлийнхэн нь түүнийг зүрхний шигдээсээр амиа алдсан гэж бодож байгаа ажээ.
Энэтхэгийн уулчид болох Анжали Кулкарни, Калпана Дас нар мөн дэс дараалалд зогсож байгаад осолдсон гэж Балбын Катманду Пост сонинд мэдээлсэн байна. Энэ жил цаг агаарын байдал тогтуун таатай байсан тул оргилд авирах зөвшөөрөл нэг дор олныг олгожээ. Хэдийгээр цаг агаар таатай байгаа ч оргилд хүрэхэд хэт олуулаа бөөгнөрөхөөс сэргийлэхийг өмнө нь сэрэмжлүүлсэн гэж мэдээлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Ирландын профессор Сеамус Лоулесс Эверестийн оргилд гараад буцах замдаа унаж амиа алдсан юм. Хэдийгээр Эверест дэлхийд алдартай хамгийн өндөр цаст оргил боловч “Үхлийн бүс” гэж нэрлэгддэг.
Эх сурвалж: www.theguardian.com