Энэтхэг улсад зургаан долоо хоногийн турш үргэлжилсэн сонгуулийн санал хураалтын дүн гарч байна. Урьдчилсан дүн мэдээгээр Ерөнхий сайд Нарендра Модигийн эрх баригч Бхаратия Жаната нам ялалт байгуулжээ. Цахим сүлжээнд улс төрчид Модид баяр хүргэж эхэлсэн байна.
Санал өгөх эрхтэй 900 сая сонгогч Парламентын 543 гишүүнийг сонгосон. Уг сонгуульд 2,000 гаруй нам 8,000 гаруй нэр дэвшигч өрсөлджээ. Аль нэг нам, эвсэл Парламентад эрх барьж Засгийн газар бүрдүүлэхийн тулд 272 суудал эзлэх ёстой.
Саналын хуудас тоолж эхэлснээс хойш эхний гурван цагийн байдлаар Ерөнхий сайдын нам хэдий нь дангаараа 290 суудал эзэлжээ. Харин сөрөг хүчний гол нам Конгресс ердөө 50 орчим суудал эзэлсэн байдалтай байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ний өдөр улс орон даяар эхэлсэн сонгуулийн санал хураалт Энэтхэг улсын ирээдүйн хувь заяа, оюун санааны чиглэлийг тодорхойлох чухал ач холбогдолтой сонгууль байсан гэж эх сурвалжууд бичжээ. Нарендра Модигийн Хинду үндэстний Засгийн газрын эсрэг сөрөг хүчний жижиг нам эвслүүд өрсөлдсөн юм.
Эх сурвалж: www.bbc.com