Нийслэлийн хүн амын хаврын хүнсний хэрэгцээнд зориулан “Баатарууд тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд нийт дөрвөн мянган тонн махыг өнгөрсөн намар бэлтгэжээ. Нөөцийн махыг өнгөрсөн сарын 15-наас нийслэлийн 135 дэлгүүр, худалдааны цэгээр дамжуулан зах зээлийн үнээс харьцангуй бага үнээр худалдаалж байгаа аж.
“Баатарууд тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд өөрсдийн бэлтгэсэн нөөцийн үхрийн ястай махыг нэг кг-ыг нь 7200 төгрөг, хонины ястай махыг нэг кг-ыг нь 6000 төгрөг, ямааны ястай махыг нэг кг-ыг 5500 төгрөгөөр борлуулж байна.
Дэлгүүр болон хүнсний томоохон захуудад махны үнэ хэтэрхий өндөр үнэтэй байгаа тул иргэд нөөцийн мах худалдан авах сонирхолтой байгаа аж.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр плаза” төвийн нөөцийн махны лангуу л гэхэд 2-3 кг-аар ангилан савласан махыг өдөрт 10-15 тонныг зардаг юм байна.