1990 оноос хойшхи бүх өмч, хувьчлалуудыг эргэн харж, шалгаж, нягтална гэх асуудлыг Засгийн газар, тэр дундаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ярьж буй. Тэгвэл тэрээр өмч хувьчлалын асуудлаар байр суурий илэрхийлсэн юм.
- Засгийн газраас УИХ дээр төрийн өмчит 11 объектийг хувьчлахаар хэлэлцэх асуудалд оруулсан байсан. Үүн дотор нь Монгол шуудан, МИАТ, Хөрөнгийн бирж болон АЗЗА/ Авто замын засварын алба/-ууд орсон байсан. Зарим нь бүр эзэд нь тодорхой болчихсон байсан.
Харин Засгийн газар үүнийг авч хэлэлцээд өмч хувьчлалтай холбоотой ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсэг эхний ээлжинд “өмч хувьчлал эргэлзээтэй байна. Өмчиллөө ч цаашид дээрх компаниуд сайжирна гэсэн баталгаа алга” гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Тиймээс өмч хувьчлалын асуудлыг УИХ-аас эргүүлэн татах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Харин цаашид эдгээр компаниудын удирдлагуудтай уулзаж хувьцаа, ноогдол ашиг гэж байгаа бол түүнийг нуун дарагдуулж болохгүй гэдэг шаардага тавина.
Тэгж байж дараагийнхаа хувьчлалын асуудлыг ярих ёстой. Бид 1990 оноос хойш төр өмчгүй байх ёстой гээд стратегийнхаа ордуудыг хүртэл өгсөн. Эргээд хартал Засгийн газар зохицуулалт хйиж чадахгүй хэмжээнд хүрсэн байна. Тиймээс стратегийн гол салбаруудын хувьчлалыг харах ёстой гэж Засгийн газар үзэж байна.