УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр Хэнтийн аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг эрх баригч МАН гацаах үйлдэл хийж, үүнийг нь ҮХЦ өөгшүүлэн маргаан үүсгэсэнд бухимдаж байгаа аж
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-УИХ-ын гишүүн асан Г.Уянгын зөвлөх байсан Д.Ганхуяг гэдэг хүн ҮХЦ-д өргөдөл гаргасан байсан. УИХ-ын гишүүн асан Б.Гантулга хүчингийн хэрэг хийсэн асуудлаасаа болж өөрөө гишүүнээсээ татгалзах хүсэлтээ өгчихөөд байхад яагаад маргаан үүсгэж байгаа нь анхаарал татаж байна. Маш хариуцлагагүй үйлдэл. Хэрэв энэ янзаараа байвал 2020 оны сонгууль явагдах юм уу, үгүй юу. Ялагч нь тодорхой юм биш үү. Хэнтийн нөхөн сонгууль 2 дахь удаагаа зарлагдаад байхад хойшлуулж, гацаах оролдлого хийж байгаа нь ирэх 2020 оны сонгууль шударга бус болно гэсэн маш том дохиог нийгэмд өгч байна.
Хуульзүйн утгаараа үндсэн хуулийн цэц маргаан үүсгэх ямар ч үндэслэл байхгүй. Өмнө нь мөн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал "би ажилламааргүй байна" гэж хүссэн. Түүнийг УИХ-аас тогтоол гаргаад авч үлдсэн. Харин энэ удаад гишүүн өөрөө хүсэлт гаргаад, тэрийг нь хүлээгээд авсан. Тиймээс ҮХЦ ийм арчаагүй юмаар маргаан үүсгэж байхаар "хөөн хэлэлцэх хугацаа"-гаар маргаан үүсгэвэл дээр. Одоо ҮХЦ МАНАН мафийн гар хөл болсон гэлээ.
-10 сая долларын авлига авсан сайдын тухай ярианаас гадна та өөр нэг авлигын тухай ярьсан байна?
-Францийн нэг компани Монголд хөрөнгө оруулалт хийхдээ яамаар нь дамжуулж нэг сайдад 1.2 сая евро өгсөн байна. Энэ нь Францад шалгагдаж байгаа юм байна. Энэ мэдээллийг миний таньдаг франц хүн надад өгсөн. Мөн тэр 10 сая долларын авлигатай холбогдсон сайдыг ч мөн УEП-оос тодруулах шаардлагатай.