НМХГ-аас сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ
НМХГ-ын даргын 02-01/96 дугаартай удирдамжийн дагуу 274 сургуулийн өмнөх боловсролын байгууллагад шалгалт хийхэд 1799 зөрчил дутагдал илэрчээ. Иймд зөрчил гаргасан цэцэрлэгүүдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу нийт 44.05 сая төгрөгийн торгууль тавьжээ.
Цэцэрлэгүүдэд хамгийн нийтлэг гарч байгаа зөрчлүүдээс дурдахад 32 цэцэрлэг сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлага хангахгүй, 28 цэцэрлэг мэргэжлийн эрхлэгчгүй, 58 нь мэргэжлийн багшгүй, 36 зориулалтын байргүй, 37 нь сургалтын техник хэрэглэгдэхүүн дутуу, 71 нь сургалтын биеийн тамирын заалгүй байжээ.
Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн 15 хувь нь барилга байгууламж нь хуучирч, дээвэр хана туурга нь элэгдэлд орсноос үүдэн сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болсон байжээ. Мөн төрийн өмчийн сургуулиуд өөрийн хүчин чадлаасаа 1.2-2.5 дахин их хүүхэд хүлээн авч, анги бүлгийн нягтрал ихэссэн нь хүүхдүүдийн дунд халдварт өвчин тархах, багш ажилчдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж байна гэв.
Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдийн гал тогооны 20 хувь нь агааржуулалтын систем алдагдсан, 35.6 хувь нь хүнсний агуулах стандарт шаардлагыг хангахгүй зэрэг зөрчлийг гаргасан байжээ.
Хувийн өмчийн цэцэрлэгүүдэд НМХГ-аас торгох арга хэмжээ авсан боловч төрийн өмчийн цэцэрлэгүүдэд сануулах арга хэмжээ авчээ.
Эцэг эхчүүдээс сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас ирдэг хамгийн их гомдлын нэг нь хүүхэд зодох зөрчил байдаг. Хүүхэд зодсон, хүүхдийн халдашгүй байх эрхэд халдсан хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлдэг гэв.