АНУ-ын Жеоржиа мужийн Атланта хот дахь Morehouse коллежийн төгсөх курсын оюутнуудын төлбөрийн зээлийг өмнөөс нь төлж, зээлээс чөлөөлж байгаагаа тэрбумтан хөрөнгө оруулагч Роберт Смит мэдэгдэж гэнэтийн бэлэг барьжээ. Уг коллежид дан хөвгүүд суралцдаг ба өнгөт арьстнуудынх гэдгээрээ алдартай.
Тэрбумтан Роберт Смит хэлэхдээ “АНУ-д амьдарч ирсэн гэр бүлийнхээ найман үеийн нэрийн өмнөөс бид та бүхний ирээдүйд багахан хөрөнгө оруулалт хийж байна. Нийгмийн аль ч анги давхаргынханд Америк мөрөөдлөө биелүүлэх боломж хангалттай бий” гэжээ.
Morehouse коллежийн захирал Дэвид Томасын хэлснээр төгсөх курсын нийт 396 оюутны 40 сая ам.долларын зээлийг дарахаар болсон байна. Захирал Томас “Смитийн бэлэг бол эрх чөлөөний бэлэг” гэжээ. Коллежийн оюутнууд энэ тухай сонсоод чихэндээ ч итгэлгүй бие бие рүүгээ гайхшран харсан тухай ярьцгаасан байна.
Роберт Смит нь хөрөнгө оруулагч ажил олгогч төдийгүй таван тэрбум ам.долларын үнэтэй Vista Equity Partners-ын үүсгэн байгуулагч юм. Форбес сэтгүүлээс түүнийг Америкт амьдарч байгаа хамгийн баян өнгөт арьст эрхмээр нэрлэжээ. Энэ жил 56 настай эрхэм химийн инженер мэргэжилтэй ба үргэлжлүүлэн бизнессийн сургуульд сурч Goldman Sachs-т технологийн хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж, 2000 онд Vista Equity-г эхлүүлсэн юм.
Тэрээр гэргий Хөүп Дворачик Смитийн хамт өнгөт арьстнуудын эрх тэгш байдал, хүрээлэн буй орчин, хүүхдийн сайн сайханд их хэмжээний хөрөнгө хандивлаж анхаарал тавьсаар иржээ.
Эх сурвалж: www.cnn.com