Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутаг дахь томилолт Говь-Алтай аймагт үргэлжилж байна. Ерөнхий сайдыг 2018 онд орон нутгийн томилолтоор баруун таван аймаг тэрдундаа Говь-Алтай аймагт ажиллах явцад иргэдээс ундны цэвэр усны хангамжийн хомсдол нэн тэргүүний тулгамдсан шийдвэрлэх шаардлагатай асуудал болсныг хэлж анхааруулж байсан. Уг асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулж, холбогдох арга хэмжээг авч энэ сарын нэгнээс Алтай хотын иргэдийг цэвэр усаар хангах 54 км урттай цэвэр усны дамжуулах хоолой барих ажлыг эхлүүлээд байна.
Тодруулвал Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Австри Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Тайшир-Алтай ус хангамж” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн нийт өртөг 14 сая евро бөгөөд эхний ээлжинд 1,7 сая еврогийн өртөг бүхий тус бүр нь 40 тоннын 27 чингэлэг шугам хоолой, 3 чингэлэг холбох хэрэгсэл бусад тоног төхөөрөмжийг байгууламжийн талбайд буулгаж, барилгын ажлыг гүйцэтгэж байна.
“Тайшир-Алтай Ус хангамж” төслийн гүйцэтгэгчээр Барилга хот байгуулалтын яам, Австри Улсын “Tiroler Rohre Gmbh” групп, туслан гүйцэтгэгчээр " Сайрам булган" ХХК тус тус ажиллаж байна. Төсөл хэрэгүүлэх хугацаа хоёр жил байх юм.