Малайз улсад 16 настай охин амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Харамсалтай нь өсвөр насны охин Инстаграмм хуудсандаа санал хураалт явуулсан нь амиа егүүтгэх гол шалтгаан байсныг илрүүлсэн гэж The Guardian мэдээлэв.
Саравак мужийн цагдаагийн газрын мэдэгдсэнээр охин Инстаграммдаа “Энэ үнэхээр чухал, надад туслаач Үхэл эсвэл Амьдрал” гэсэн сонголт хийхийг дагагчдаасаа хүссэн байна. Гэтэл түүнийг дагагчдын 69 хувь нь “үхэл” гэсэн сонголтыг хийсний дараа охин өөрийгөө егүүтгэжээ.
Энэ хэрэг Малайзын эрх баригчдын дунд хурц шүүмжлэл хэлэлцүүлэг өрнүүлж байна. Пенанг мужийн Парламентын гишүүн хуульч Рамкарпал Сингх хэрэв Инстаграммын хэрэглэгчдийн дийлэнх нь “амьдрал” гэсэн сонголтыг хийсэн бол охин өдийд амьд байх байсан, охин ердөө тусламж хүссэн хэмээн хэлжээ.
Малайзын Залуучууд, спортын яамны сайд Сиэд Саддик улс орон даяар иргэдийн сэтгэцийн эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг сануулсан байна. Бүх нийтийн, тэр дундаа залуусын сэтгэцийн эрүүл мэнд үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдана гэжээ.
Их Британийн өсвөр насны охин Моли Расселийн түүх BBC агентлагийн дамжуулснаар дэлхийн нийтэд түгсний дараа Инстаграмм цахим сүлжээний зүгээс өөрийгөө гэмтээж болзошгүй аюултай контентыг хориглох шийдвэр гаргасан юм.
Эх сурвалж: www.theguardian.com