ХУД-ийн 15-р сургуульд 2015 онд элссэн найман настай хүүхэд ердөө сар хагасын дараагаас сүрьеэ өвчнөөр өвчилж, улмаар уг өвчнөөс үүдэлтэйгээр нас барсан талаарх мэдээллийг талийгаач хүүхдийн ээж манай телевизэд өнөөдөр хандан өглөө. Талийгаач хүүгийн ээж А.Ариунаа (нэрийг өөрчлөв) "яг одоо хөдөө орон нутаг ажиллаж байгаа учраас утсаар мэдээлэл өгье. Удахгүй Улаанбаатар хотод очихоороо дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэсэн юм.
Тэрбээр хэлэхдээ “Миний хүүхэд найман настайдаа 2015 оны есдүгээр сард Ерөнхий боловсролын 15 дугаар сургуульд элсэн орж байсан. Ангийн багш нь шинэхэн төгсөж ирсэн н.Болормаа гэдэг хүн байсан санагдаж байна. Хүүхэд маань 11 дүгээр сарын амралт эхлэхээс өмнө оройдоо халуурч зовуурлаад байх болсон. Эмчид үзүүлэхээр ханиад байна, бронхит байна, астма, ханиадны шинж тэмдэг байна гэж хэлээд цээжний зураг авахуулаад яваад байсан.
Эмч нарт өчнөөн үзүүлээд явж байхад хэн нь ч сүрьеэ, сүрьеэгээр үүсгэгдсэн өвчин гэж хэлээгүй, мэдээгүй. Арваннэгдүгээр сард хичээлийн амралтаар хөдөө явж хэд хоноод ирэхдээ халуураад ирсэн. Аавтай нь хамт Яармагт байдаг нэгдсэн эмнэлэгт үзүүлээд ч болдоггүй. 2015 оны 12 дугаар сарын 05-ны шөнө хүү маань гэв гэнэт нэрээр нь дуудаад байхад мэдэхээ больчихсон. Орыг нь засаад өгье миний хүү босоорой гэхэд шүлсээ гоожуулаад суугаад байсан. Тэгээд эмнэлэгт очоод үзүүлэхэд эмч нь танай хүүхдээс менингококк өвчний шинж тэмдэг илэрсэн байна гэж хэлээд нугаснаас нь ус авч шинжлэхэд сүрьеэгээр үүсгэгдсэн менингококк болох нь тогтоогдсон. Хүү маань маш олон удаа нугаснаас шинжилгээ авахуулж, эмчилгээ хийлгэж, ХӨСҮТ-д хэвтээд овоо гайгүй болсон боловч 2016 оны дөрөвдүгээр сарын 10-даар эмнэлгээс гарсныхаа дараа өнгөрсөн. Миний хүүг ХӨСҮТ-д хэвтэж байхад 15 дугаар сургуулийн дөрвөн хүүхэд мөн эмчлүүлж байсан. Манай хамаатны 15-р сургуульд сурдаг хүүхэд хүртэл уушгины сүрьеэ өвчнөөр тухайн үед өвдөж, хэвтэн эмчлүүлсэн.
Би тухайн үедээ миний л үйл лай гэж бодоод өнгөрсөн болохоос биш тэр сургууль нь сүрьеэ өвчний голомт байсан гэдгийг мэдээгүй. Өчигдрөөс хойш мэдээ сонсоод байсан чинь тэр сургууль сүрьеэ өвчний голомттой. Бүр нэг багшаас нь болж тэр өвчин тарсан байж болзошгүй гэдгийг сонсож бухимдахдаа танай телевиз рүү ярилаа.
Хүүгээ нас барсны дараа бичиг баримтыг нь авах гээд 15-р сургууль дээр очиход хэн ч цочир сонин байдлаар хүлээж аваагүй. Багшид нь миний хүүхэд өвдчихлөө хэдэн сар хичээлдээ очихгүй нь шүү гэхэд огт ойшоож аваагүй. Нэг ч удаа залгаж яаж байна, ийж байна гэж асуугаагүй” гэсэн юм.
Үүнээс үзвэл ХУД-ийн 15-р сургуулийн сурагчид 2015 оноос эхлэн олноороо сүрьеэ өвчилж эхэлсэн болж таарч байна. Харин яг өнөөдөр хэчнээн хүүхэд өвдсөн байгааг ХӨСҮТ-ийн Сүрьеэ өвчний тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандахаас тодруулахад “Өнөөдрийн байдлаар 529 хүүхэд сүрьеэ өвчний халдвар авсан байгаа” гэсэн юм.
ХУД-ийн ЕБС-ийн 15-р сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд 1710 сурагч, 130 гаруй багш, ажилтан ажиллаж байгаа гэх мэдээлэл байгаа бөгөөд нийт сурагчдынх нь 3О орчим хувь нь амьсгалын замын гоц халдварт сүрьеэ өвчнөөр өвдчихөөд байхад ямар тус сургуулиас ямар ажил зохион байгуулж байгааг асуухаар очиход захирал Ө.Шүрэнцэцэг сургууль дээрээ байсангүй.
Харин сургуулийн үйл ажиллагааг ирэх даваа гарагийг хүртэл зогсоож, сургуулийн багш ажилтнууд коридор болон анги танхимуудад чийгтэй цэвэрлэгээг хийж байлаа.
Ө.Шүрэнцэцэг захиралтай утсаар холбогдоход “Би ЭМЯ орохоор явж байна. Сургуулийнхаа агааржуулалтын хоолойг засуулах ажлыг яаралтай шийдүүлэх хэрэгтэй байна” гэсэн юм.
Монгол Улсад жил бүр 4000 хүн сүрьеэ өвчнөөр өвчилдөг бөгөөд үүний 10 хувь нь хүүхэд байдаг байна. Харин нэг дор 539 хүүхэд сүрьеэ өвчнөөр өвчилсөн тохиолдол байгаагүй байна.