СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пакистан эмэгтэйчүүдийг Хятадад хууль бусаар наймаалж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Пакистан улсын Файсалабад хотод амьдардаг Софиа нэртэй христийн шашинтай 19 настай бүсгүй 21 настай хятад эрэгтэйтэй зургаан сарын өмнө гэрлэжээ. Бүсгүй гоо засалч мэргэжилтэй, харин залуу гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг бизнес эрхэлдэг байв. Бүсгүйн гэр бүлд хурим хийх хангалттай мөнгө байгаагүй ч сүйт залуу хуримын зардлыг гаргаж, Пакистан үндэсний хувцастайгаар соёл уламжлалынх нь дагуу гэрлэжээ.

Софиагийн эцэг эх хятад хүргэнээ улсынх нь ёс заншлыг хүндэтгэж байгаад туйлын баяртай байжээ. Бүсгүй нөхрийнхөө хамт шинэ амьдрал хайж эх нутгаа орхин явсан ч төд удалгүй гэртээ эргэж ирэхийг хүсч өөрийгөө бэлгийн дарамтад өртөж хүний наймааны хохирогч болсноо мэдсэн байна.

Христийн шашны Салем Икбал хүний эрхийн байгууллагын мэдээлж байгаагаар үүнтэй ижил жишгээр жилд багадаа 700 гаруй пакистан эмэгтэй хятад хүнтэй гэрлэж байна. Эдгээр бүсгүйчүүдийн дийлэнх нь христийн шашинтай байгаа нь анхаарал татжээ. Пакистанд амьдардаг христийн шашинтай эмэгтэйчүүд ихэвчлэн ядуу тарчиг амьдралтай байдаг тул хүний наймаачдын олз болоход хялбар байж болох юм.

 

 

Хүний эрхийн байгууллагын мэдэгдсэнээр хятад эрчүүдтэй гэрлээд явсан эмэгтэйчүүдийн ихэнхийнх нь хувь заяа хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй аж. Human Rights Watch байгууллагаас тэднийг бэлгийн боолчлолд өртсөн гэж үзэж байна.

 

 

Пакистан улсын Холбооны мөрдөх агентлагийн мэдээлснээр хятадын гэмт хэрэгтнүүд пакистан эмэгтэйчүүдтэй гэр бүл болж хууль бусаар хүний наймааны хохирогчид болгож байна гэжээ.

Хятадын Засгийн газар энэ хэргийг эрс үгүйсгэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хуурамч материал, ам дамжсан цуу яриаг мэдээлэл болгон түгээж байна хэмээн буруутгажээ.

Гэвч урьд өмнө жилд 140 орчим пакистан сүйт бүсгүй Хятад руу явахаар визний хүсэлт мэдүүлсэн бол энэ жил хэдий нь ийм хэмжээний өргөдөл хүсэлт ирүүлээд амжсан байна. Исламабад дахь Хятадын элчин сайдын яам багадаа 90 орчим мэдүүлгийг цуцалсан гэдгээ орон нутгийн хэвлэлээр мэдээлжээ.

 

 

Пакистан эмэгтэйчүүд хятад эрчүүдтэй гэр бүл болох нь нэмэгдэж байгааг нийгмийн байдалтай холбон тайлбарлаж болох юм. Ойрын жилүүдэд хоёр улсын харилцаа сайжирч, олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг боомт, автозам, галт тэрэг, эрчим хүчний салбарт оруулж байна. Үүнийг дагаад хөнгөлөлттэй виз олгох болсноор хятад иргэд Пакистан руу олон тоогоор зорчих болжээ. Хятадын хүн ам дунд эрэгтэйчүүд давамгайлдаг тул тэд сүйт бүсгүй хайж ирдэг гэх судалгаа бий.

Дан ганц Пакистан ч биш Азийн ядуу буурай бусад улс орнууд, тухайлбал Мьянмар, Вьетнам, Камбож улсуудад гэр бүл болох нэрийдлээр хууль бус хүний наймааны хохирогч болж буй тохиолдол цөөнгүй байгаа юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.