Өвлийн дүн хүйтнээр хүүхдүүд модон жорлон руу хайралгаж байгаа дүр төрх хөдөө орон нутагт нийтлэг үзэгдэл. Тэгвэл Увс аймгийн хувьд 2020 гэхэд аймгийнхаа бүх сургууль, дотуур байрны ус ариун цэврийн байгууламжийг шинэчлэн модон жорлонг бүр мөсөн арилгах зорилт тавьжээ.
Увс аймгийн хувьд өнөөдрийн байдлаар 17 сургууль гадна бие засах газартай байгаа юм. Дулааны улиралд бол гадаа бие засаад сурчихсан жаалуудад бол байж болох асуудал ч идэр есийн тачигнасан хүйтэнд бол багачуудын хувьд модон бие засах газар хүндхэн даваа. Тэгвэл модон жорлон ямар хор хөнөөлтэйг бодоод үзэе.
Дүн өвлийн хүйтэнд гадаа модон жорлонд бие засдагаас болж хүүхдүүд бөөр, давсагны өвчтэй болохоос гадна дулааны улиралд бохирдол ихтэй, ариутгаагүйгээс элдэв халдварт өвчин тусах нь эрсдэлтэй.
Увс аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга н.Бат-Ерөөлт “Орон нутгийн төсвийн хөрөнгө, олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд таван сургууль модон жорлонгоос салсан байгаа. Цаашид бүх сургуулиа модон жорлонгоос халж, олон улсын стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгоно. Ер нь бол сургууль, дотуур байрнууд нь дотроо ариун цэврийн байгууламжтай шугам хоолойг засварласнаар шийдэх боломжтой” гэсэн юм.