Х.Өлзийбаяр
“Сингапурын эдийн засгийн гайхамшиг”-ийн автор Ли Куан Ю гурав дахь ертөнцийн ядуу орныг хэрхэн эдийн засгаараа тэргүүлсэн, авлигын хамгийн бага түвшинтэй улс болгож чадсан бэ. Сингапур өнөөдөр “Transparency International” байгууллагын гаргадаг авлигын индексээр үргэлж эхний аравт багтаж байна. 2018 оны үзүүлэлтээр долдугаарт жагссан байдаг.
Хэцүүхэн өв уламжлал
1965 онд Сингапур тусгаар тогтнож байх үед энэ улсын хүн амын ихэнх хэсэг нь ядуу, төрийн өмчөөс хулгай хийх, авлига авах явдал төрийн албан хаагчдын амьдралын салшгүй нэг хэсэг болсон байлаа. Угаасаа байгалийн нөөц баялаг хомс, бүхий л түүхий эд материалаа, цэвэр ус, барилгын элсээ хүртэл гадаадаас импортоор авдаг улс байв.
Британийн колонийн захиргаа энд дарангуйллын өв уламжлал үлдээсэн ч тэр нь Сингапурыг бүхэлд нь эзэлчхээд байсан авлигын өмнө ямар ч хүчгүй байлаа. Төрийн албан хаагчдын ихэнх нь үнэндээ авлигын сүлжээнд холбогдчихоод байсан гэж бараг болно. Авлига ингэж цэцэглэснээр төрийн албан хаагчдын орлого, хөрөнгө хувийн хэвшил арилжааны салбарынхнаас ч даваад байв. Гэтэл ард түмний ихэнх хэсэг боловсрол, эрх зүйн хувьд хамгийн доод түвшинд орчхоод байлаа. Ийм нөхцөлд өөрийнхөө орлогыг нэмэгдүүлэх цор ганц арга авлига байсан хэрэг.
Улс төрийн эр зориг
Чухам ийм нөхцөл байдлыг эвдэлсэн хүн нь 1959 онд “Ардын үйлчлэл” намаас дэвшин сонгуульд ялж Ерөнхий сайд болсон Ли Куан Ю байлаа. Шийдэмгий Ли Куан Ю өөрийн шинэчлэлээ “Авлигыг ялахыг хүсч л байгаа бол өөрийнхөө найз нөхөд, төрөл төрөгсдөө шоронд илгээхэд бэлэн байх ёстой” гэж тодорхойлжээ. Чухам эндээс л тус улсад хууль үйлчилж, хуулийн өмнө хүн бүр бага дунд тушаалын албан хаагчаас парламентын гишүүн хүртэл тэгш эрхтэй болж эхэлсэн гэж болно. Шинэ Засгийн газар албан тушаалын гэмт хэргийг таслан зогсоохын тулд “засаглал-мөнгө-авлига” гэсэн сүлжээг үндсээр нь устгах зорилго тавьсан байна. Үүний тулд Сангийн яаманд авлигын эсрэг тусгай хөтөлбөр боловсруулж эндээ хэд хэдэн тодорхой арга хэмжээнүүдийг тусгажээ. Энэ нь доод тушаалын албан хаагчдаас дээд албан тушаалтнуудад тавих хяналтыг сайжруулж ил тод болгох, авлигын сүлжээг таслан зогсоохын тулд албан тушаалын томилгоонд өрсөлдөөн бий болгох, хөндлөнгийн хяналт бий болгох, хүнд суртлыг үгүй хийх зорилгоор иргэд байгууллагын уялдааг сайжруулах, хөндлөнгийн хяналтыг хүчтэй болгох зэрэг ажлуудыг оруулжээ.
Засгийн газрын авсан бас нэг чухал арга хэмжээ нь хараат бус, чөлөөт хэвлэлийг дэмжсэн нь авлигын хэргийг илчлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Юуны өмнө - баялаг
Авлигын эсрэг авсан хамгийн үр дүнтэй арга хэмжээ бол төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн явдал. “Ингэж байж тэд чин сэтгэлээсээ, шударга ажиллана” гэж Ли Куан Ю хэлсэн байдаг. Түүнийхээр бол хангалттай цалин орлогогүй бол төрийн албан хаагчид нэг бол авлига авна, эсвэл арилжааны салбар луу зугтана.
Үнэхээр ч үүний үр дүнд сайн мэргэжилтнүүд төрийн алба руу орж ирсэн, тэгээд ч улс орны эдийн засаг сайжрахын хэрээр тэдний цалин хувийн салбарынхантай зэрэг өссөн байна. Өнөөдөр Сингапурын төрийн албан хаагч түшмэлүүдийн цалин хувийн салбарт ажиллагсдын орлогын гуравны хоёртой дүйж байгаа нь хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээс харагдаж байна.
“Шуналын халдварыг мөрдөх товчоо”
Британийн колонийн үеэс Сингапур “Авлигыг мөрдөх товчоо” гэж байгууллага өвлөж авсныг ард түмэн “Шуналын халдварыг мөрдөх товчоо” гэж нэрлэдэг байжээ. Энэ товчооны захирал нь үйл ажиллагааныхаа төлөө Ерөнхий сайдын өмнө шууд хариуцлага хүлээдэг байсан байна. “Авлигыг мөрдөх товчоо”-ны үндсэн үүрэг нь албан тушаалтнуудын эрхэлсэн ажлын талаар, хүнд суртал, хариуцлагагүй байдал, хахууль авсан тухай, улсын хөрөнгийг үрэгдүүлсэн, завшсан тухай мэдээлэл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх явдал байв.
Энэ товчоо бүрэн эрхтэй, шүүхийн шийдвэргүйгээр сэжигтнийг саатуулах, эрэн сурвалжлах, банкны харилцах данс, гүйлгээг шалгах эрхтэй байжээ. Бас сэжигтний төрөл төрөгсөдтэй холбоотой хэрэг үүсгэх, мөрдөх, гэрчүүдээс мэдүүлэг авах эрхтэй байлаа. Авлигад холбогдсон албан тушаалтныг ажлаас халж, тэтгэвэр, тэтгэмж, бусад хөнгөлөлтүүдийг шууд хасах эрхтэй.
Хуульд бүгд захирагдана
“Авлигыг мөрдөх товчоо” 1989 онд хуульд өөрчлөлт оруулах санал тавьж авлигын хэрэгт ногдуулдаг байсан 10 мянган долларын торгуулийг 100 мянган сингапур доллар болгон нэмэгдүүллээ. Үүний зэрэгцээ худал мэдүүлэг өгөх, мөрдөн байцаах ажиллагааг төөрөлдүүлэх оролдого үйлдвэл 10 мянган доллараар торгож, шоронд хорих ялаар шийтгэж байх болов. Чухам энэ байгууллагын хараанаас Ерөнхий сайд ч зугтаж чадахгүй болсон байна. Яг энэ товчоо Ерөнхий сайд Ли Куан Ю-г, гэр бүлийг нь нэг бус удаа шалгаж буруугүй болохыг нь нотолж байжээ.
Энэ хугацаанд “Авлигыг мөрдөх товчоо” холбооны хэд хэдэн сайд, нийгмийн зүтгэлтэн, үйлдвэрчний эвлэлийн тэргүүн, төрийн өмчийн компанийн захирал, топ-менежерүүдийг авлигын хэргийн төлөө шоронд хорьсон юм.
Ерөнхий сайд Ли Куан Ю-гийн эртний танил, Ерөнхий сайдыг агаарын тээврийн “Малэйжиен айрвейз” компанийн хууль зүйн зөвлөх байхад тэндхийн Үйлдвэрчний эвлэлийг тэргүүлж байсан Тан Киа Ган Үндэсний хөгжлийн сайд болж байлаа. Буцаад компанидаа очсон тэрээр агаарын хөлөг үйлдвэрлэгч “Бойнг”-той хийх гэрээний үед тэндээс шагнал авч улсынхаа эсрэг байсны төлөө Таныг зайлуулахыг Ли Куан Ю өөрөө шаардаж байж. Өөр нэг жишээ бол Ли Куан Ю-гийн 1950-иад оны найз Хүрээлэн байгаа орчны сайд Ви Тун Бун улсын 500 мянган долларын хөрөнгөөр хувьдаа сууц авч, төрийн зардлаар гэр бүлтэйгээ Индонезид явсных нь төлөө 4.5 жилийн ял өгч байжээ. Одоо тэр суллагдсан ч хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг алдарсан.
Үндэсний хөгжлийн сайд Те Чин Ван нийтийн эзэмшлийн газарт барилга барих зөвшөөрөл өгснийхөө төлөө 800 мянган долларын авлига бэлнээр авсан мөрөөр “Авлигыг мөрдөх товчоо” орж шалгаж эхлэхэд тэр амиа хорлосон байна. Ерөнхий сайд Ли Куан Ю-д хаяглаж бичсэн зурвастаа тэр “Хэрвээ би өөрийнхөө алдааг хамгийн өндөр үнээр төлөх нь шударга ёсонд нийцнэ гэж би дорнын жентелмен хүний хувьд үзэж байна. Таныг чин сэтгэлээсээ хүндэтгэсэн Те Чин Ван” гэсэн байжээ.
Авлигатай тэмцэхийн тулд ямар арга хэмжээ авсан бэ...
Сингапурын төрийн албан хаагчдад хориглосон зүйлс