Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, цэцэрлэг, сургуульд ажиллагсдын “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр”-т үзлэг тулгалт хийсэн талаараа өнөөдөр мэдээллээ. МХЕГ-ын байцаагчид тулгалт хийж үзэхэд үзлэг шинжилгээг хийх ёсгүй, зөвшөөрөлгүй, хаяг байршил тодорхойгүй байгууллага хийсэн, шаардлагагүй шинжилгээ хийсэн зэрэг ноцтой зөрчил илэрчээ.
МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд:
-ХНХЯ-ны харьяа Сэргээн засах, хөгжлийн үндэсний төв, ХӨСҮТ, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс гадна "Элбэрэлт хүслэн", "Хулангийн хараа" ХК-ийн "Тедролаб", Чингэлтэй дүүргийн "Өнөр үжин", Говь-Алтай аймгийн "Токс" зэрэг лабораториуд эрүүл мэндийн үзлэгийг хууль бусаар хийж, эрүүл мэндийг дэвтрийг бөглөж байсан. Мөн Нийслэлийн "Бумбат", "Та И Э" лабораториуд ямар ч зөвшөөрөл аваагүй, хаяг, байршил нь тодорхой биш байсан ч эрүүл мэндийн үзлэг хийсэн зөрчил илэрлээ гэсэн юм.
Мөн эмч, эмнэлгийн тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн, зөвшөөрөгдсөн эмнэлгийн байгууллагууд үзлэг шинжилгээ хийхгүйгээр дэвтэрт шууд бичилт хийж өгсөн, аж ахуйн нэгж, байгууллагууд ажиллагсдынхаа дэвтрийг бөөгнүүлж, эмнэлэгт аваачиж бөглүүлдэг зэрэг зөрчил илэрсэн байна.
Энэ тухай МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд:
-Халдварт өвчин судлалын эмч, мэргэжилтний болон санхүүгийн тамга тэмдгийг хуурамчаар ашигласан эрүүл мэндийг үзлэгийн дэвтэр гарч ирсэн. Мөн дээр дурдсан "Бумбат", "Та И Э" лабораториудаас хуурамч байж болзошгүй дэвтрүүд илэрсэн гэлээ.
“Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр”-ийг хуурамчаар бөглүүлснээр халдварт өвчинтэй иргэн тухайн худалдаа, үйлчилгээ, ажлын орчиндоо өвчлөл тараах, улмаар олон нийтийг хордлого, эрсдэлд оруулж байгаа хэрэг юм.
Сүүлийн жилүүдэд гарч буй хоолны хордлого, халдварын тохиолдлуудад шалгалт хийхэд ажиллагсдаас нян тээгч илэрч байгаа аж. Тухайлбал: "Монос" эмийн үйлдвэр, Орхон аймгийн "Эмпати" сургууль болон Багануур дүүргийн "Наран" ресторан зэрэг газруудад гарсан хордлого, халдварын голомтод нян тээгч ажиллаж байсан нь тогтоогдсон.
2014-2018 оны эхний есөн сарын байдлаар хоол хүнснээс шалтгаалсан хордлого, халдварийн дэгдэлт нийт 53 удаа гарснаас 19 нь хүүхдийн байгууллагад бүртгэгдэж, 1257 хүүхэд өртсөн байна. ЭМ-ийн Сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн багш, цэцэрлэг, хүүхдийн зуслан, асрамж халамжийн газрын багш, ажилчид сүрьеэгийн шинжилгээнд флюрографийн зураг буюу рентген зураг харалт өгөхөөр тусгагдсан. Гэвч флюрографийн зураг авалгүйгээр, асуумжаар сүрьеэ өвчингүй, эрүүл гэсэн дүгнэлт гаргажээ.
Энэ тухай МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд:
-Шинжилгээ хийсэн дараах байгууллагуудад зөрчил гарч ирсэн. Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгүүд 6-12 сарын хугацаанд сүрьеэг илрүүлэх флюграфийн аппаратгүй байсан боловч, үзлэг хийж, дүгнэлт хийн, эрүүл мэндийн дэвтэр дээр нь "эрүүл" гэж бичиж байсан гэлээ.
Түүнчлэн ЭМ-ийн Сайдын тушаалаар батлагдсан загварын дэвтэр хөтлөөгүй, үзлэг шинжилгээгээр өвчтэй нь тогтоогдсон хүмүүсийг эрүүлжүүлэх арга хэмжээ хийгдээгүй, шинжилгээ чанартай хийгдэхгүй байгаа аж. Тухайлбал: Эмчийн үзлэгийн маягт, лабораторийн бүртгэл, лабораторийн ажлын бүртгэл зэргийг бүрэн хөтлөөгүй, өдөрт 300-400 хүнд шинжилгээ хийсэн зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 тоот тушаалаар худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам, дэвтрийн загварыг баталсан. Журамд зааснаар хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, ус түгээх, цэцэрлэг, сургууль, зуслан, хүүхдийн асрамж, үсчин, гоо сайхан, усан бассейн, зочид буудал, саун, эм үйлдвэрлэл, хангамж болон галт тэрэг, нисэх онгоцны үйлчлэгч зэргээр ажиллаж байгаа болон шинээр ажилд орох иргэд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд заасан хугацаанд орох ёстой аж.
Мөн үзлэг, шинжилгээг нийслэл хотод зөвхөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, орон нутагт Нэгдсэн эмнэлэг хийх бөгөөд үзлэг, шинжилгээний хариу эерэг гарсан ажилтнуудыг эмчилж, эрүүлжүүлэх ёстой.