СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХУД-ийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд багшаасаа сүрьеэ өвчний халдвар авсан уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Нийслэлийн ХУД-ийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд Сүрьеэгийн халдвар авсан гэсэн мэдээлэл гараад байгаа билээ

15 дугаар сургууль 1710 сурагчтайгаас 529 нь "далд хэлбэрийн сүрьеэгийн халдвар" авсан гэсэн мэдээлэл байна. Сургуулийн бүх сурагч сүрьеэгийн урьдчилан сэргийлэх сорилтод хамрагдсан. Эрүүл гарсан хүүхдүүдийг ч элэг хамгаалах эм уухыг шаардаж байгаа ажээ. 

2017 онд анх тус сургуулийн нэгэн багш сүрьеэ өвчнөөр өвчилсөн аж. Энэ хавар хийсэн шинжилгээгээр 529 хүүхдэд далд хэлбэрийн сүрьеэ өвчний халдвар авсан гэж эцэг, эхчүүд үзэж байна. Үүнийг багшийн өвчлөлтэй шууд холбон ойлгож болохгүй гэж тус сургуулийн удирдлагууд хэлж байна. 

"Уг эмийг уулаа ч гэсэн хүүхдүүдийн элэг, бөөр, мэдрэлийн системд буцаад муугаар нөлөөлнө. Үүний хариуцлагыг хэн хариуцах вэ" гэж эцэг эхчүүд бухимдаж байна.

Харин ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга н.Энхмандах

"Бид урьдчилан сэргийлэх үзлэг хийгээд халдвар авсан боловч яг сүрьеэгээр өвдөөгүй байгаа учраас урьдчилан сэргийлэх эм уулгах асуудлыг ярилцаж байна. Өвдөхөөс нь сэргийлж байна гэсэн үг. Эм ууж байгаа нь тусдаа, эмнэл зүйн багийн шинжилгээний оношоор тогтоогдож эм ууж байгаа цөөн хүүхэд бий. Харин бусад хүүхдүүдийн эцэг, эхчүүд эм уухыг зөвшөөрвөл эмчилгээ үргэлжилнэ. Яг эм уух заалттай буюу өвчилсөн 38 хүүхэд байгаагаас 19 нь эмээ уугаад эхэлсэн. Бусад сургуулиуд дээр сүрьеэгийн чиглэлээр хяналтаа тавьж байгаа" гэлээ.

Тус сургуулийн нэгэн сурагчийн ээж

"Энэ сургуулийг 15 жилийн өмнөөс "сүрьеэ өвчний голомттой" гэж яригддаг байсан. Би лав итгээгүй. Гэтэл энэ хавар хүүхдүүдээс шинжилгээ авахад манай хүүхэд сүрьеэ өвчинтэй гэж гарсан. Ганц манай хүүхэд халдвар авсан юм уу гэхэд үгүй байсан. Нэг ангид л гэхэд 20-24 хүүхэд халдвар авчихсан, хэдийнэ өвчилчихсөн байсан. Яагаад энэ асуудлыг дарсан юм бэ. Мэргэжлийн байгууллагууд яагаад нуун дарагдуулав. Түмний хүүхдийн өмнөөс би энэ мэдээллийг би гаргаж хэлж байна. Хоёр жилийн өмнө Баттөмөр гэдэг эмэгтэйн хоёр хүүхэд сүрьеэ өвчинтэй болсон тул мэргэжлийн хяналт зэрэгт гомдол гаргасан ч тэд тоогоогүй. Захирал нь манай сургууль сүрьеэгүй гээд хөөгөөд гаргасан. Тухайн үед арга хэмжээ авчихсан бол өнөөдөр ийм олон хүүхэд өвчлөхгүй байсан. Одоо энэ сургуулийн хүүхдүүдэд эм тарааж байна. Энэ эм элгэнд 90 хувь нь задардаг. Хүүхдүүдийн маань элэг бөөрөнд асар хортой энэ эмийг уулгах уу?" гэлээ.  

Тус сургуулийн нэгэн сурагчийн аав

"Энэ сургуулийн биеийн тамирын багш сүрьеэ өвчин туссан байсан. Энэ багшаас халдвар тархсан гэж үзэж байгаа юм байна. Гэтэл удирдлагууд нь уг багшийг "эрүүл" гэсэн бичиг хийгээд буцаагаад ажилд нь авчихсан. Далд хэлбэрийн сүрьеэ л гэж байна. Халдвар авсан гэдэг чинь өвчтэй л гэсэн үг. Зарим багш нар захирлуудаа өмгөөлж байна. Буцаагаад биднийг "Юун сүртэй юм бэ, өвчлөөгүй л байна шүү дээ" гэж загнаж байна." гэлээ. 

 Тус сургуулийн захирал н.Шүрэнцэцэг

"Урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд 529 хүүхэд халдвар авсан болох нь тогтоогдсон. Эм уулгах гээд эцэг эхчүүдтэй уулзалт хийсэн. Карантени тогтоох талаар ярилцаж л байна. Манай сургууль 2017 оноос хойш байнга ХӨСҮТ-тэй хамтарч зургаан сар тутамд сорил тавьж, хүүхдүүдээ үзүүлж байсан. Эмний тухайд мэргэжлийн хүмүүс л уу гэсэн. Бид мэдэхгүй" гэлээ. 

Дашрамд дурдахад сүрьеэ өвчин нь агаар дуслын замаар халдварладаг бөгөөд шалтгаан нь хуучин байр байшингийн олон жилийн ашиглалт, сургуулийн агааржуулалт, сэлгэлт, нэг ангид олон хүүхэд байх зэрэг асуудалтай холбоотой гэж мэргэжлийн эмч хэллээ. ХУД-ийн 15 дугаар сургууль 1975 онд баригджээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.