Нийслэлийн 15-р сургуулийн 529 хүүхэд сүрьeэгийн халдвар авсан асуудал өнөөдөр тус сургуулийн эцэг эхийн хурал дээр хөндөгджээ. Тус сургуулийн нэг багш сүрьeэгийн халдвартай байснаа нууснаас уг хэрэг дэгдсэн гэж урьдчилсан байдлаа үзэж байна
Энэ талаар бид БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодрууллаа.
"ЭМЯ, ХӨСҮТ гэх мэт мэргэжлийн байгууллага ямар нэгэн арга хэмжээ авч ажиллаж байгаа гэсэн. Надад өгсөн мэдээллээр өвчилсөн багш 2015 онд ажлаасаа чөлөөлөгдөөд, эмчилгээ хийлгэсэн гэх мэдээлэл ирсэн. Бүрэн эдгэсэн гэсэн мэдээлэл байгаа юм билээ. Энэ талаар би буруу зөрүү мэдээлэл өгмөөргүй байна" гэлээ.
-Одоо энэ сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар хааж болохгүй юу? Бусад хүүхдүүд халдвар авч магадгүй байгаа юм бишүү?
-Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэх ёстой. Боловсролын байгууллага олон нийтийн дунд гарч байгаа мэдээллээр шууд дур мэдэн сургуулийг хаах ёсгүй. ХӨСҮТ-ийн даргатай өчигдөр би ярьж мэдээлэл авсан. Тэднийхээс хийдэг ажлаа хийж байгаа юм билээ. Нарийн мэргэжлийн эмч нарын эцсийн дүгнэлт нь хараахан гараагүй байгаа юм билээ. ЭМЯ-аас дүгнэлт гарсан байна лээ. Цаашид ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг дүгнэлтээ танилцуулаагүй байна. Дүгнэлт гарчихвал арга хэмжээ авна.
Сургуулийг хаах эсэхийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэнд үндэслэж гаргахгүй бол Боловсролын яамны хувьд олон нийтийн мэдээлэлд үндэслэн шууд хааж болохгүй. ХӨСҮТ-ийн даргаас мэдээлэл авахад 15 сургууль дээр мэргэжлийн баг ажиллаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн.
-Хяналт сул байсан уу?
-Сурч байгаа 500 хэдэн хүүхдээс сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо арай өөр байгаа шүү. Одоогоор нарийн тоо хэлэх боломжгүй, шинжилгээний хариу гараагүй байгаа учраас. Нийслэлийн ихэнх сургууль 3-4 ээлжээр хичээллэж байна. Зарим сургуулийн барилга байгууламжийн хувьд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа. Өнгөрсөн оноос бүх багш нараас урьдчилан сэргийлэх шинжилгээ авсан гэх мэдээлэл өгсөн. Үүнийг эрүүл мэндийн байгууллагаас тодруулах хэрэгтэй.
ЭМЯ, ХӨСҮТ-өөс 15 дугаар сургуулийн байранд хичээллэх боломжгүй гэх зөвлөмж гаргасан тохиолдолд хичээллийг түр зогсоох байх. Гэхдээ сургуулийн сурагчдын хувьд төгсөлт ойртсон үед хичээллийг зогсоох хэцүү байна. Мэдээж мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тухайн үед асуудлыг шийднэ.