Өнгөрөгч бямба гарагаас эхлэн Яармагийн гүүрийг хэсэгчлэн хаасан билээ. Уг замыг 2018 онд ашиглалтад оруулсан ч замын ажил нь бүрэн дуусаагүй зарим хэсгийн хучилтын ажил, ногоон байгууламжийн ажил, гэрэлтүүлгийн ажил, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг хийгээгүй орхисон байсан аж.
Харин үлдсэн ажлыг 2019 оны 04-р сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэн хийж эхэлжээ. Авто замын өнгөн хучилтын ажлыг 05-р сарын 11-ны өдрөөс эхлүүлж байгаатай холбоотойгоор тус гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хаасан.
Тус ажил 05-р сарын 23-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд замыг хэсэгчлэн хааснаар замын хөдөлгөөнд саад учрахгүй гэж Тээврийн цагдаагийн албанаас нэмэгдсэн ч энэхүү замын ачаалал эрс нэмэгдэж иргэдийн бухимдлыг төрүүлээд байна.
Ажил эхлэх, буух цагаар Яармаг хавийн зам эрс ачаалал авч, машинууд хэдэн км үргэлжилсэн түгжрэлд ороод байгаа ажээ. Хэдийгээр энэхүү замыг 14 хоногт багтаан хийж дуусгана гэж байгаа ч цаг агаарын байдлаас шалтгаална гэж уг замын өнгөн хучилтын ажлыг хийж буй "Наран булаг" ХХК-ийн менежер хэллээ.
Дашрамд дурдахад ТЭЦ-3-аас Яармагийн гүүр рүү зорчих хэсгийн 1 эгнээ, Наадамчдын гудамж буюу Нисэх-Яармаг чиглэлээс Хотын төв рүү орох талын зорчих хэсгийг түр хааж, эсрэг талын зорчих хэсгийн сөрөг хөдөлгөөнтэй болгосон тул Гурвалжингийн гүүрний чиглэлд зорчих иргэд ТЭЦ-3-ын зүүн урд гэрлэн дохиотой үндсэн уулзвараар зорчих хуваарьтай ажээ.