Викилийкс цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд долоон жилийн турш нуугдаж байгаад өнгөрсөн сард баривчлагдсан. Ассанж Лондоны өмнөд хэсэг Белмаршид байдаг онц дэглэмтэй хорих газарт хоригдож байгаа юм.
АНУ түүний хэргийг шилжүүлэн авах хүсэлтэй ба Швед улсын прокурорын газраас Жулиан Ассанжийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг дахин сэргээж, мөрдлөгийг үргэлжлүүлэхээр болсноо өнөөдөр мэдэгдлээ. Ассанжийг Эквадорын элчин сайдын яаманд байх хооронд буюу 2017 онд Шведийн Засгийн газар хэргийг түр завсарлаж, нөхцөл байдал өөрчлөгдвөл эргэн сөхнө хэмээн мэдэгдэж байсан юм.
Швед улсын прокурорын газрын дэд дарга Эва Мари Персон өнөөдөр Стокгольм хотод хийсэн хэвлэлийн хурал дээр Ассанжийг 2010 оны наймдугаар сард зочлохдоо хоёр эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгаж байна гэжээ. Жулиан Ассанж бэлгийн хүчирхийллийн шинж чанартай хоёр ч хэрэгт буруутгагдаад байгаа ч огт тийм хэрэг үйлдээгүй хэмээн байр сууриа хамгаалж байгаа юм.
АНУ-ын Засгийн газар Викилийкс цахим хуудсыг үүсгэн байгуулагч нь Засгийн газрын нууц баримт материалыг олон нийтэд хууль бусаар дэлгэсэн хэрэгт буруутгаж байна.
Эх сурвалж: www.cnn.com