"Малдаа явсан зургаан иргэн осгож нас барлаа" гэж өнөөдөр ОБЕГ-аас хийсэн хэвлэлийн хурлаар мэдэгдлээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай аймгийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговь аймгийн нутгаар, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурсан.
Цаг уурын аюултай үзэгдлийн улмаас Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хэнтий аймгийн нутагт малдаа яваад сураггүй болсон, автомашинтай зорчиж яваад цасанд суусан зэрэг 14 дуудлага ирж, 64 иргэний амь насыг авран хамгаалан ажилласан байна.
Өвөрхангай аймгийн Богд суманд хоёр иргэн, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гурван иргэн, мөн аймгийн Сэврэй суманд нэг иргэн малдаа яваад осгож нас барсан аж.
Мөн цасан болон шороон шуурганы улмаас Ховд аймгийн Цэцэг, Үенч суманд 12 гэр, 04 Вт-ын дөрвөн модон шон унасан. Төв аймгийн Баяндэлгэр суманд 350 бог мал цасанд дарагдаж хорогджээ
Онцгой байдлын ерөнхий газраас 20 гаруй мянган малчдад гар утас руу нь цаг агаарын мэдээлэл хүргэдэг. Гэвч малчдын хувьд зуны эхэн сар гарсан тул нимгэн хувцаслаж, малдаа явснаас болоод осгож нас барсан байгаа гэлээ.
Цаашид энэ сарын 14, 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурах ажээ.