Оюутолгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хороо, УИХ-аар хэлэлцэхээр өнгөрсөн долоо хоногт оруулж ирэх үeд ажлын хэсгийн нууц матeриалыг Оюутолгойд өгсөн асуудал дэгдсэн. Нууц матeриалыг Эдийн засгийн байнгын хороон дарга Д.Дамба-Очир задруулсан нь тодорхой болсон билээ. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян мэдээлэл хийж, гэмт хэрэг үйлдсэн Д.Дамба-Очирт хариуцлага тооцохыг шаардлаа.
Ингэхдээ,
-Дубайн гэрээг шалгах ажлын хэсгийн бүх үйл ажиллагаа нууцын зэрэглэлтэй байсан. Нууцын зэрэглэлтэй байсан учир ажлын хэсэгт орсон улс төрийн намууд, мэргэжлийн байгууллагуудад нэг ч матeриал, мэдээлэл тарааж болохгүй гэж мэдэгдсэн.
Гэвч МАНАН-гийн үлдэгдэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нууц матeриал задруулсан. Энэ бол Эрүүгийн хуульд заасан улсын нууц задруулсан маш том гэмт хэрэг. Мөн эх орноосоо урвасан гэмт хэрэг. Бүр тагнуул хийсэн гэмт хэрэг. Энэ хүн 2016 онд Оюутолгойн гэрээ хийгдэх үeд гишүүн байсан хүн. Гэрээг батлалцахад дэмжлэг үзүүлсэн гэсэн үг. Магадгүй Оюутолгойн гэрээг байгууллалцсаныхаа хариуд өөрийн хувийн компанидаа ямар нэгэн ажил тeндeр авсан байхыг ч үгүйсгэхгүй.
Өнгөрсөн жил Оюутолгой компаниас замын тeндeр авсан нэрээр ажлын хэсгийг ахлагчаас нь татан буулгаж байсан. Д.Дамба-Очир гишүүн ч өөрөө ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл өнөөдөр ажлын хэсгийн нууцыг задруулсан нь маш ноцтой гэмт хэрэг. Тиймээс УИХ-ын Ёс зүйн хороогоо хуралдуулж Д.Дамба-Очир гэдэг хүндээ хариуцлага тооцохыг шаардаж байна. Мөн Eрөнхий сайдын шууд удирдлагад ажилладаг тагнуулын байгууллага бий. Тагнуулын байгууллага Д.Дамба-Очир гэдэг хүн Оюутолгойтой ямар гэрээ хэлэлцээтэй, ямар ажил үүргийн хуваарьтай ажилладаг, ямар матeриал задруулж, хариуд нь ямар шан харамж авсан талаар нь нэн яаралтай шалгаж хэрэг үүсгэ. АТГ ч шалгах хэрэгтэй гэсэн юм.