Их Британийн The Sunday Times сонин өнгөрсөн ням гарагт жил бүр гаргадаг хамгийн баян чинээлэг мянган эрхэм, гэр бүлийн жагсаалтаа танилцуулжээ. Их Британийн хамгийн баян гэр бүлээр банк, эрчим хүч, мэдээлэл технологи, химийн салбарт бизнес эрхэлдэг ах дүүс Сри болон Гопи Хиндужа нар гурав дахиа нэрлэгдсэн байна. Сонины редакцийн хамт олны танилцуулснаар Энэтхэг гаралтай Хиндужагийн гэр бүлийн хөрөнгө 22 тэрбум фунт стерлингээр хэмжигджээ. Жагсаалтын хоёрдугаарт Реубены ах дүүс 18,66 тэрбум, гуравдугаарт Сир Жим 18,15 тэрбум фунт стерлингээр жагссан байна.
Энэ жилийн жагсаалтаас хамгийн онцлууштай нь санхүүгийн технологийн чиглэлээр бизнес эрхэлдэг хатагтай Валери Моран юм. Тэрээр The Sunday Times-ын онцолсон чинээлэг 1,000 эрхэм, гэр бүлийн жагсаалтад багтсан цорын ганц өнгөт арьст эмэгтэй ажил олгогч ажээ.
Моран хатагтай өмнөд Африкийн далайд гарцгүй Зимбабве улсад мэндэлжээ. Тэрээр нөхөр Ноэлийн хамт 122 сая фунт стерлинг буюу 158 сая ам.доллар эзэмшиж Британийн баячуудын жагсаалтад 970 дугаарт багтсан байна. Уг гэр бүл Prepaid Financial Services компанийн 81,5 хувийг эзэмшдэг бол Моран дангаараа 16,3 хувийн хувьцаа эзэмшигч юм.
“Би хэзээ ч сонсохоос, суралцахаас, ажилтнуудынхаа саналыг сонсохоос залхаж байгаагүй” хэмээн Валери Моран хэлжээ.
Валери Моран одоо ажиллаж байгаа санхүүгийн технологийн компанидаа 2008 онд байгуулагдахад нь анхны ажилтан болж төслийн менежерээр ажиллд оржээ. Үүнээс хойш алхам алхмаар урагшилсаар өдгөө үйлчлүүлэгчтэй харилцах, үйл ажиллагаа хариуцсан албаны даргаар ажиллаж байна. IdeaMensch-д өгсөн ярилцлагадаа хоногийн 24 цагийн 15-ыг нь ажилдаа зарцуулдаг гэжээ. Түүний ажил өглөө 09 цагт эхэлж шөнө дундад шувтарч дуусдаг байна.
The Sunday Times сонины гаргасан жагсаалтад багтсан бусад эмэгтэйчүүдээс хамгийн чинээлгээр хатагтай Кирстен Раузинг нэрлэгджээ. Тэрээр Британийн хамгийн баян эмэгтэй төдийгүй жагсаалтын зургадугаарт ах Жон Раузингийн хамт 12,2 тэрбум фунт стерлингийн хөрөнгөтэйгээр бичигдсэн байна.
Мөн хатагтай Чарлен дэ Карвало Хейнекен нөхөртэйгээ хамт 12 тэрбум фунт стерлингийн хөрөнгөөр долдугаарт оржээ. Уг гэр бүл Heineken брэндийн шар айргийн бизнес эрхэлдэг ба тус компани 14 тэрбум ам.долларын үнэлгээтэй ба 2018 онд 115 сая ам.долларын ашиг олсон байна.
Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com, www.ft.com