Францын нийслэл Парис хотын орон сууцанд дөрвөн настай хүүгээ харгалзах хүнгүй гэрт нь орхисноос болж тагт руу авирч дүүжлэгдсэн хэрэг тавдугаар сард гарсан. Тагтнаас дүүжлэгдсэн дөрвөн настай хүүг өнгөт арьстай цагаач иргэн доороос дээд давхар хүртэл тагт дамжин үсэрч аварсан бичлэг цахим орчинд тархаж, аврагч залууг “хүн аалз” гэж нэрлээд байсан. Франц улсын Засгийн газар Малигаас ирсэн эрэлхэг хүчтэй цагаач иргэн Мамуду Гассамад иргэншил олгон, гал сөнөөгчийн ажилд авч, Ерөнхийлөгч Эмануэл Макрон дуудаж талархлаа илэрхийлсэн билээ.
Тэгвэл бяцхан хүүгээ орхиж дэлгүүр гарчихаад, замдаа тоглоом тоглож саатсан хариуцлагагүй эцэгт Парисын шүүх тэнсэн харгалзах ял оноогоод байна. Шүүхээс хүүгийн эцгийн нэрийг нууцалж, аав байх үүрэг хариуцлагаа ухамсарлаж гүйцэтгээгүй хэмээн буруутгаж ял оноосноо мэдэгджээ. Хүүг тагтнаас дүүжлэгдэх үед ээж нь өөр хотод байсан байна. Хүүгийн гэр бүлийн хуульч “эцэг эх нь алдаагаа маш сайн ухамсарлаж байгаа” гэдгийг хэлжээ.
Эх сурвалж: www.bbc.com